Хаадын хагарал (2)
Цөвүүн цаг иржээ. Арван жил энх амгалан, элбэг хангалуун үргэлжилсэн зун цагийн төгсгөл ойртож, зэврүүн хүйтэн өвлийн улирал уур хилэнт догшин араатан мэт алгуур дөхсөөр. Арайхийн тогтоосон энх тайвны эрин зуунд хүч нөлөөгөө хадгалсан Лорд Эддард Старк, Роберт Баратеон хэмээх ер бусын хоёр удирдагч хааны ордныхны бусармаг урвалтын хохирогч болж талийн одов. Лууны цохионы эртний хотоос Винтерфеллийн хориот эрэг хүртэл үймээн самуун ноёлж, долоон ханлигийн төмөр хаан ширээнд нүд унагагсад их шуурга, үймээн шуугиан, дайн тэмцлийн дунд энэ л хүслээ гүйцэлдүүлэх гэж боломжийг анан хүлээнэ.
Их гамшгийн дохио нь тэнгэрт цахисан цусан өнгөт сүүлт одоор илэрч, тарж бутарсан газар нутгийн төлөө зургаан овог аймаг өөр хоорондоо тэмцэлдлээ. Эддардын хүү Робб өөрийгөө Умардын хаан хэмээн зарлажээ. Угтаа хаан ширээг залгамжлах учиртай Жоеффри харин өмнөдөд Хааны газар нутгийн төлөө үгсэн хуйвалдах ордныхны золиос болж төрийн тамгыг нэр төдий атгаж буй юм санж. Робертын хоёр дүү тус тусдаа газар нутагтай болох арга замыг эрэлхийлэх зуур нэгэнт хүсэмжлэгдэхээ больж сэтгэлээс алдарсан их ордон буцаад булаан эзлэх хүслийг өдөөсөн газар болж хувирлаа. Нэг тивийн цаана цөлөгдсөн луунуудын хатан, өөрт нь зүй ёсоор хамаарах хаан титмээ буцааж авах зорилго өвөрлөн хүмүүсээ дагуулсаар гачлант халуун цөлийг туулав.
Хаадын хагарал биднийг өрсөлдөөн, өс хонзон, ид шид, дайн тулааны мартагдсан гайхамшигт газар нутаг тийш хөтөлнө. Энэ бол гоо бүсгүйчүүд галзуу эрчүүдтэй нөхцөж, дүү нь ахынхаа эсрэг үгсэн хуйвалдаж, үхсэн хүн харанхуй шөнөөр босон алхалдаг түүх юм. Энд, хааны гүнж өнчин хүүгийн дүрд хувирч; шадар цэрэг урвагч шидтэнд зориулж хор найруулж; Саран уулнаас зэрлэг хүмүүс бууж ирж хөдөө нутгийг түйвээж буй тухай ч өгүүлнэ.
Гэр бүл гишүүд хоорондын бэлгийн харилцаа, ах дүүсийн аллага, алхими, хүчирхийллийн дунд, ялалтын үнэ цэн магадгүй урсгасан цусаар л хэмжигдэх бололтой. Ялалтын үр шимийг ч хамгаас хүйтэн илд, хамгаас хүйтэн сэтгэлтэй эрчүүд бүсгүйчүүд л хүртэх мэт. Хаад хоорондоо хагаралдахад бүхий л газар орон чичиргээнд нь доргино.
Эрэлхэг, шинэлэг, ер бусын дүрслэлээр баялаг Хаадын хагарал роман нь угтаа ер бусын гоо үзэсгэлэн, хил хязгааргүй илбэ увдисын тухай бүтээл ажээ. Энэ сэтгэл догдлом түүх таны санаанд үүрд хадагдан үлдэх буй заа.