Дэлхийд унасан эр
Бэрсийн гамбит номын зохиолч Волтер Тевисийн шинжлэх ухаанч уран зохиол "Дэлхийд унасан эр"-ийг онцгой болгодог нэг чухал чанар бол тус зохиол төрсөн цаг үе. Ер нь олон бүтээл, тэр дундаа шинжлэх ухаанч уран бүтээлүүд 50-80-аад онд буюу шинжлэх ухааны хөгжил эрчээ авч байсан үед мэндэлсэн байдаг. Тэдгээрт ирээдүйн технологийн хөгжил, түүнээс шалтгаалж ирээдүйд болзошгүй үйл явдлын тухай өгүүлдэг. Нэг талаас энэ бол тун бүтээлч, шинэ туршилт, нээлтийн он жилүүд билээ.
Тийм ч учир тэр цаг үеийн шинжлэх ухаанч уран зохиолууд үнэхээр сонирхол татам байдаг юм. "Дэлхийд унасан эр" ч ялгаагүй.
Нийгмээс тусгаарлагдах, ганцаардах, алс холын гараг дээрх гэр бүл, үр хүүхдээ санагалзах, тэгсэн хэр нь хүн төрөлхтөнтэй дотносох боломжгүй байдал, илчлэгдэхээс айх хэр нь өөрийгөө таниулахыг хүсэх эргэлзээ, хүмүүс төрсөн гаргаа хэрхэн сүйрүүлж байгааг, ямар сайхан гэр оронтой гэдгээ мэдэхгүй байгааг харан өрөвдөх, эмгэнэх энэ олон мэдрэмжийг дээр дээрээс нь давхарлан сэтгэлд өрж, сүүлчийн хуудас хүртлээ түгшээдэг ном.
Тевисийн элдэв маяггүй, энгийн найруулга эл номыг уншихад бүүр ч таатай болгож. Хэзээ, хаана бөмбөг тэсрэх нь мэдэгдэхгүй хүйтэн дайны үед бичигдсэн, тухайн үедээ байгаагүй шинэлэг технологийн тухай хөндсөн нь орчин үед хуучин санагдаж болох ч, дээр дурдсанчлан, зохиолын гол чимэг нь түүндээ оршиж байгаа юм.