Дашбадрах Доржготовын

(1962-2004) Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Доржготовын Дашбадрах 1962 оны 12-р сарын 30-нд Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг 'Ханын ам' хэмээх газар малчны гэр бүлд төржээ. Тэрбээр 1971-1978 онд Цэнхэр сумын 8-н жилийн дунд сургууль, 1979-1981 онд Цэцэрлэг хотын 10-н жилийн 1-р дунд сургуулийг төгсөж, 1981-1985 онд УБИС-д суралцан дүүргэж, Түүхч, Түүхийн багш мэргэжил эзэмшсэн. 1985 онд ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн Дундад зууны түүхийн тасагт эрдэм шинжилгээний туслах ажилтнаар орж, 1987 онд дадлагажигч ажилтан, 1990 оноос эрдэм шинжилгээний ажилтан, 1998-1999 онд тус хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Тэрээр Ч.Дэмчигдоржийн 'Эрдэнэт толь хэмээх шастир' зохиолыг монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлэн 1995 онд, Сүмбэ хамба Ишбалжирын 'Хөх нуурын түүх' сурвалжийг түвэд хэлнээс монгол хэлнээ орчуулан 1997 онд тус тус эрдэм шинжилгээний удиртгал, тайлбартайгаар хэвлүүлэн хэд хэдэн хамтын бүтээлд зохиогчоор оролцсоны дээр 'Төрбайх, түүнийг залгамжлагчдын Түвэд дэх үйл ажиллагаа', 'Халхын Тангуд отгийн угсаа гарлын асуудалд', 'Гүүш цорж гэж хэн бэ', 'XVII зууны Монгол-Түвэдийн харилцааны зарим асуудал', 'Бүх цэргийн жанжин их Цэрэндондов' зэрэг эрдэм шинжилгээний 20 шахам өгүүлэл нь мэргэжлийн цувралуудад болон Хятад, Солонгос, Энэтхэг улсын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд нийтлэгджээ. Д.Дашбадрах нь Монголын дундад үеийн түүх, түүх бичлэг, шашин соёл, намтар судлалын сэдвээр нэгэн сэдэвт зохиол 2, эрдэм шинжилгээний орчуулга хөрвүүлэг 4, эрдэм шинжилгээний өгүүлэл 9-ийг бичиж нийтлүүлсний дээр, 'Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалууд' (1999), 'Монгол улсын нэвтэрхий толь'(2001), 'Монгол Улсын түүх' 5 боть (2003), 'Монгол улсын түүх, соёлын атлас' (2004) зэрэг томоохон хамтын бүтээлд үндсэн зохиогчоор оролцож, олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлуудад 10 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна. Түүний зарим өгүүлэл, илтгэл нь БНХАУ, Солонгос, Энэтхэг, Чех улсын эрдэм шинжилгээний бүтээлүүдэд хэвлэгджээ. Д.Дашбадрахад 2001 онд Улаанбаатарын Их сургуулийн Эрдмийн зөвлөлөөс дэд профессор цол олгосон ба 2002 онд судалгааны ажлын амжилтыг нь өндрөөр үнэлж Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ. Тэрбээр мөн уран зохиолыг сонирхон оролдож 'Орхон түшээ мөрөн', 'Ижийдээ эрхэлсэн богд', 'Хамгийн сайхан орой', 'Хатан гол', 'Цэнхэрийн гол минь', 'Цогтын цагаан балгас минь дээ', 'Тэнгэрийн суврага уул', 'Зөн зөнгийн учрал', 'Тэнгэрийн хишиг' зэрэг нийтэд түгсэн дууны шүлгүүд, 'Хүрэн толгойн сүүдэр' өгүүлэг, 'Хатан бүүвэй баатар' түүхэн уран сайхны кино зохиол туурвижээ.