Ганбаатар Я

Ядмаагийн Ганбаатар нь 1959 онд Говь-Алтай аймагт төрсөн. 1977 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1982 онд МУИС-ийг тус тус дүүргэсэн. Хятад судлаач, хятад хэлний багш, орчуулагчийн мэргэжилтэй. 1997 онд Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. Тэрээр Дорно дахины судлал хэмээх шинжлэх ухааны иргэншил судлалын чиглэлээр гуч шахам жил эрдэм шинжилгээний ажил хийж ирэхдээ бие даасан 10 гаруй бүтээл, эрдэм шинжилгээний нэг зуу гаруй өгүүлэл, илтгэл, орчуулга хийж, хэвлэн нийтлүүлжээ. Тэдгээрийн заримаас дурдвал 1998 онд 'Нангиадын сонгодог уран зохиол', 2001 онд 'Их нүүдлийн түүх', 2003 онд 'Ляожайн өргөөнөө тэрлэсэн гайхам өгүүллүүд', 2005 онд 'Нангиадын сонгодог утга соёлын товчоон', 2006 онд 'Нангиадын сонгодог яруу найраг-Таван хэлний орчуулгыг зэрэгцүүлэхүй', 2007 онд 'Их нүүдэл' гурамсан түүхэн романы тэргүүн дэвтэр 'Моодун шаньюй', 'Юань улсын үед хятадаар бичиж байсан монголчуудын шүлгийн сонгомол', 2008 онд 'Хүннүгийн түүх, соёл', 'Өвөг ба эртний монгол хэлний судалгаа', 2010 онд 'Их нүүдэл' гурамсан түүхэн романы дэд дэвтэр 'Хүүхэн шаньюй', 'Чанчунь бомбын өрнө этгээдэд зорчсон тэмдэглэл', 'Утга зохиолын тухай яриа' зэрэг түүх, уран зохиол, хэл шинжлэл, орчуулгын бүтээлүүд багтаж байна. Я.Ганбаатар нь хятад, орос, англи, герман хэл бичгийг зохих түвшинд эзэмшсэн бөгөөд МУИС, ХБНГУ-ын Берлин хотын Хумбольдтын нэрэмжит Их Сургуульд тус тус багшилж байсан. 2001-2009 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд, 2009 оноос Монгол Улсаас Хөх хотод суугаа ЕКГ-т Консулын алба хашиж байна.