Хэй Луиз.Л

Америкийн зохиолч, Метафизикч багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач,зөвлөгч, илтгэгч. Австралийн хэвлэл мэдээллийнхнээс 'Амьд гэгээн хутагт гэхэд хамгийн ойрхон хүн' гэсэн цолыг хүртээд байгаа, 'Өөрөө өөртөө туслах хөдөлгөөн'-ийг үндэслэн байгуулагч Хатагтай Луйз Л.Хэйгийн анхны бүтээл болох 'Биеэ эрүүлжүүл' нэртэй ном 1976 онд буюу бие сэтгэл, оюун ухааны холбоо шүтэлцээг ярих мода дэлгэрээгүй байх үед хэвлэгдэж байсан юм. Луйзийн үзэл, ойлголтыг хүмүүст таниулсан энэ ном 1988 онд дахин хэвлэгдсэн ба дэлхийн 33 оронд, 25 хэл дээр орчуулагдсан төдийгүй хамгийн шилдэг борлуулалттай ном болж чадсан юм. Эдүгээ 27 ном бичээд байгаа энэ гайхалтай эмэгтэйн бага нас хүнд хэцүү, бэрхшээл дунд өнгөрсөн ч түүний баримталдаг амьдралын эерэг философи, эрүүлжих техник, оюун ухаан, өгөөмөр сэтгэл нь өөртөө төдийгүй сая сая уншигчид эрүүл, аз жаргалтай амьдралыг бэлэглэдэг юм. Луйз одоо Хэй Хаус хэмээх, нэр хүндтэй, томоохон хэвлэлийн компанийг удирддаг бөгөөд гэрийнхээ нэг өрөөнд эхэлж байсан тэр жижигхэн хэвлэлийн цех одоо 10 сая гаруй ном, хуурцаг хэвлэж, борлуулсан, гайхалтай том корпораци болон өргөжөөд байна. Мөн хатагтай Луйзийн үүсгэн байгуулсан 'Хэй-ийн Сан', 'Луйз Л Хэй-ийн Буяны Сан' зэрэг нь зовлон бэрхшээл амсаж, өвдөж, шаналсан хүүхэд, эмэгтэйчүүдэд туслахад үйл ажиллагаагаа чиглүүлсээр ирсэн юм. Луйзийн бичсэн бие, сэтгэл, оюун санааг эрүүлжүүлэх үгс олон сонин сэтгүүлд гарч, дэлхийн томоохон телевизүүд түүнийг хөтөлбөртөө урьж оролцуулдаг. Түүний сар бүр эрхлэн гаргадаг 'Хүндэт Луйз' булан АНУ, Канад, Австрали, Испани, Аргентина зэрэг улсуудын 50 гаруй сэтгүүлд нийтлэгддэг. Хүмүүсийн урилгаар очиж лекц унших, зөвлөгөө өгөх, сургалт явуулах гээд Луйз олон газраар аялдаг бөгөөд бусад үед тэрбээр зураг зурах, цэцэг тарих, бүжиглэхэд цаг заваа зориулдаг ажээ.