Эрдэнэтуяа У

Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийг Эх бичиг судлаач-Манжич мэргэжлээр төгссөн. Угсаатны зүйн ухаанаар магистрын зэрэг хамгаалсан. 2007 онд түүхийн ухаанаар доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 2012-2014 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилиан их сургуулийн дэргэд докторын дараах судалгааны ажил хийсэн. 1998 оноос эхлэн МУБИС-д монгол бичиг, манж хэл, угсаатны зүй зэрэг хичээлийг зааж байна. Тэрээр монголчуудын байгаль хамгаалах арга ухаан, байгаль орчны ёс зүй, мэдлэг ухаан, байгальд ээлтэй технологи, хотын экологи, Монголын угсаатны бүлгүүдийн угсаа гарал, түүх соёлын асуудлууд, сан тахилгын судрууд, манж хэлээрх Монголын түүхийн сурвалжийн судалгааны чиглэлээр ажилладаг. Судалгааны нэгэн сэдэвт бүтээл, ном товхимол 5, эрдэм шинжилгээний өгүүлэл 30 гаруйг хэвлүүлсэн. 2001-2003 онд Соросын сангийн Төв Азийн Судалгааны Санаачлага (CARI) хөтөлбөрийн судалгааны төсөл, 2006 онд Үндэсний газарзүйн нийгэмлэгтэй хамтран 'Монголын зах хязгаар нутгийн уугуул оршин суугчдын байгаль орчны төсөөлөл, хандлага: Тандалт судалгаа' сэдэвт судалгааны төслийг амжилттай хэрэгжүүлсэн ба 2008-2010 онд CARTI-гийн дэмжлэгтэй 'Баруун монголчуудын байгаль орчны төсөөлөл, хандлага, байгаль хамгаалах уламжлал' зэрэг судалгааны төслүүдийг хэрэгжүүлсэн. Тэрээр 2002, 2003, 2005, 2009 онд Английн Кембрижийн их сургууль, 2003 онд ОХУ-ын Новосибирскийн Улсын их сургууль, 2004 онд Канадын Британий Колумбын их сургууль, Монтреалын их сургууль, МакГиллын их сургууль, 2004 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Европын их сургууль дээр судалгаа хийхийн хамт, 2002, 2005, 2006, 2012 онд Унгарын Төв Европын их сургууль дээр мэргэжил дээшлүүлсэн. Орос, англи, герман, манж, төвд хэлтэй. Доктор У.Эрдэнэтуяа нь Английн Кембрижийн их сургууль, Канадын Британий Колумбын их сургууль, ОХУ-ын Санкт-Петербург дэх Европын их сургууль, ХБНГУ-ын Мюнхений Людвиг-Максимилиан их сургууль зэрэг гадны олон сургуулиудын эрдэмтэд судлаачидтай хамтран ажиллаж байна. Эдүгээ Төв Еврази судлалын нийгэмлэг (CESS) болон Европын байгалийн түүхийн нийгэмлэг (ESEH)-ийн гишүүн.