Базарсад Чулуунгомбын

Биологийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Ч.Базарсад нь 1942 онд Хэнтийн аймгийн Биндэр сумын Сэрүүн-Галтайд төрж, 1961 онд Өндөрхааны 10-н жилийн сургууль, 1966 онд ЗХУ-ын Ленинград хотын (хуучин нэрээр) Ой, техникийн академийг тус тус дүүргэж, ойн аж ахуйн инженерийн мэргэжил эзэмшсэн. Ч.Базарсад нь ойн үрийн аж ахуй, мод үржүүлэг, ойжуулалтын ажилд бүхий л амьдралаа зориулсан ахмад ой зүйч, эрдэмтэн судлаач хүн юм. Монгол Улсад ойжуулалтын ажил анх төр засгийн бодлого болж хэрэгжсэн 1971 онд төрийн сайдын тушаалаар томилогдсон улсын анхны 11 ойжуулалтын инженерийн нэг. Тэр үеэс эхэлж манайд ойжуулалтын инженер гэдэг албан тушаал бий болжээ. Ч.Базарсад нь ойн аж ахуйн үйлвэрлэлд 11 жил, шинжлэх ухааны салбарт 24 жил, хот цэцэрлэгжүүлэх албанд 1 жил ажиллажээ. Тэрээр Сэлэнгийн ойн аж ахуйн ойн үрийн аж ахуй, мод үржүүлэг, ойжуулалтын ажлын үндэс суурийг тавилцсан. Ч.Базарсад нь эх орны ойт хээр, хээр, говь цөлийн бүсэд мод, сөөгний тарьц, суулгац ургуулах, ойжуулах судалгааны ажлыг дангаар буюу бусад залуу судлаачидтай хамтран гүйцэтгэсэн бөгөөд нарс, шинэсний тарьцыг нийлэг хальсан хүлэмжинд ургуулах судалгааны ажлаар 1983 онд биологийн ухааны докторын зэрзг хамгаалж, хайлаас, агч, улиас, бургас, чацаргана, шар хуайс, хонхот харгана, тоорой, жигд, сухай зэрэг навчит мод, сөөгний тарьц, суулгац ургуулах судалгааны ажилд удирдагч, гүйцэтгэгчээр оролцсон байжээ.