Боно Эдвард де

Эдвард де Боно нь сэтгэлгээг чадвар болгон эзэмшүүлэх бие даасан сургалтын хувьд дэлхийд тэргүүлэх, хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хүн юм. Тэрээр 25 жилийн туршид 'сэтгэлгээний талаарх сэтгэлгээнд' анхдагч нь байсаар ирсэн. 45 ном бичиж, тэдгээрийг нь хятад, иврит, араб, бахас, солонгос, словен зэрэг 27 хэлээр орчуулан хэвлүүлсэн байдаг. Түүний боловсруулсан сэтгэлгээний хичээлүүдийг Өмнөд Африкийн жижиг тосгодоос эхлээд Норфолкийн академи зэрэг Америкийн нэртэй сургуулиудад зааж байна. Түүнчлэн дэлхийн тэргүүлэгч корпорациуд болон олон орны засгийн газар үйл ажиллагаандаа де Боногийн сэтгэлгээний хичээлийг ашигладаг. Эдвард де Боно Олон улсын бүтээлийн форумыг үүсгэн байгуулсан бөгөөд тухайн салбартаа тэргүүлэгч корпорациуд (IBM, Du Pont, Nestle, British Airways) гишүүнээр нь элссэн байна. Уг байгууллага нь НҮБ болон бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах Бүтээлч байдлын оффисыг санаачлан байгуулсан. Доктор де Боно 51 оронд урилгаар очин лекц толилуулж байсан түүхтэй. Тэрбээр Оксфордын их сургуулийг тэтгэлэгтэй суралцан төгсөөд улмаар тус сургуульдаа төдийгүй Кембриж, Харвардын их сургуульд эрдэмтэн багшаар ажиллаж байсан. Мөн анагаах ухаан болон сэтгэл зүйн салбарт докторын зэрэгтэй. Түүний боловсруулсан 'латерал сэтгэлгээ' гэсэн нэр томьёо нь Оксфордын англи хэлний толь бичигт орсон байдаг. Тэрээр сонгодог L-тоглоомыг зохиосон.