Лондон Жек

Америкийн суут зохиолч Жек Лондон 1876 оны 1-р сарын 12-нд Сан Франциско хотноо тарчигхан гэр бүлд төржээ. Бага балчраасаа ядуу зүдүүгийн зовлонг амссан тэрбээр арван настайдаа гудамжинд сонин худалдаж, олсон зоос бүрээ гэрийнхэндээ өгдөг байсан агаад сургууль руугаа явахдаа өмсөж зүүсэн хувцас хунараа хараад ичдэг байсан гэдэг. Өсвөр насандаа хөдөлмөрийн хэцүү бэрхийг амсаж, үйлдвэрт ажиллан, далбаат онгоцны усан цэрэг болж, олон хүнд сорилтыг эрэлхэг зоригоор даван туулсан нь түүнд боловсролтой болох юмсан гэсэн эрмэлзэлийг бий болгожээ. Тэрбээр тэнгис далайд явж байхдаа тохиолдсон саад бэрхшээл, нүдээр үзсэн элдэв сонин зүйлстээ тулгуурлан 'Японы эрэг хавиар болсон хар салхи' гэдэг анхныхаа найрууллыг бичсэн нь 1993 онд нийтлэгдсэн байна. Үүний дараа өөрт нь болон гэр оронд нь мөнгөний хэрэгцээ маш их байсан боловч Лондон уран зохиолоор дахин оролдсонгүй. 1894 онд цахилгаан станцын галч болж, нэг хэсэг аль тааралдсан ажлыг хийж амьдарсаар эцэст нь Келлийн армийн цэрэг болжээ. Тэр үед талх тариа, шударга ёсыг эрж олох гэж Вашингтон уруу аялсан олон мянган ажилгүйчүүдийг Келлийн арми хэмээн нэрийддэг байв. Тэнд байхдаа Жек армийнхны нэгэн адил дэмий тэнэв хэмээгдэн гянданд хоригдож, доромжлолын аймшигт ёроолыг үзсэнээ хожим бичсэн байдаг. Тэрбээр 1895 онд гяндангаас гараад ажилчны социалист намд элсэн, суртал нэвтрүүлэгчийн ажил хийх болов. Энэ үеэс Вашингтон уруу аялсны дараа амсаж туулсан амьдралаа буурь суурьтай эргэцүүлэн бодоод түүний хийвэл зохих ажил бол зохиол бичих юм гэдгийг ухамсарлажээ. Ингээд 1896 оноос уран зохиолд ханцуй шамлан орж, 'Умардын өгүүллэгүүд', 'Чонын хүү', 'Мөнхийн дуудлага', 'Цагаан соёот', 'Төмөр өсгий', 'Мартин Иден', 'Амьдрахын хүслэн', 'Саран хөндий', 'Зэрлэг байгалийн дуудлага', 'Аниргүй цагаан дайд' зэрэг олон гайхамшигт зохиолуудыг бичиж, хойч үедээ өвлүүлэн үлдээсэн юм.