Буковски Чарльз

Хенри Чарльз Буковски (жинхэнэ нэр нь Хайнрих Карл Буковски) Германд төрсөн Америкийн зохиолч, яруу найрагч билээ. Тэрээр мянга гаруй шүлэг, хэдэн зуун өгүүллэг, зургаан роман бичсэнээс амьд ахуйд нь нэлээд хувь нь 60 гаруй ном болон хэвлэгджээ. Герман, польш гаралтай, дэлхийн I дайны үед Германд алба хааж байсан жирийн америк цэрэг, еврей гаралтай герман эмэгтэй хоёрын ганц хүү болон мэндэлсэн Буковски эгэл жирийн америкчуудын ядуу даржин амьдрал, хормойн явдал, мансуурал, архидалт зэргийг ил задгай бичиж, нийгмээ “нүцгэлсэн”-ээрээ “Лос-Анжелесийн ядуус, доодсын дууч”, “Гудамжны хаан” гэгдэж байлаа. 1986 онд “Time” сэтгүүл түүнийг “Америкийн нийгмийн шаар шавхруунаас төрсөн хамгийн хүндтэй найрагч” хэмээн өргөмжилж байв.