Энэбиш Доржийн

Олхонууд Доржийн Энэбиш нь Ховд аймгийн Дарви сумын уугуул. 1966-1976 онуудад Анагаах Ухааны Дунд, Дээд Сургуулийг улаан дипломтой дүүргэж хүний бага эмч-эх баригч, хүний их эмч мэргэжил эзэмшсэн. 1976 оноос эдүгээ хүртэл Анагаах Ухааны Дээд сургууль, Анагаах Ухааны Их сургууль, Эрүүл мэндийн Шинжлэх Ухааны их сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд биохимич багшаар 40 шахам жил ажиллаж байна. Энэ хугацаанд 'Бодисын солилцооны биохими', 'Биохимийн шинжилгээний дүнг уншихуй', 'Эмнэлзүйн лабораторийн шинжилгээний дүнг уншихуй', 'Шээсний биохимийн шинжилгээний зарим арга, оношийн ач холбогдол', 'Уураг, нуклейн хүчил, нүүрс ус, өөх тосны биохими', 'Биохимийн мэдлэг шалгах тест', 'Биохимийн дадлагын ажил', 'Витамины биохими', 'Дааврын биохимийн үндэс', 'Ерөнхий энзимологийн үндэс', 'Эд эрхтэн тогтолцооны биохими', 'Клиникийн энзимологийн үндэс', 'Ус давсны ба эрдсийн солилцооны биохими, эмгэг биохимийн үндэс', 'Эмгэг биохими', 'Эрүүл ба эмгэгийн үеийн элэгний биохими' зэрэг 30-аад ном, сурах бичиг, лекц, гарын авлага бичиж нийтлүүлэн олны хүртээл болгожээ. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны илтгэл, өгүүлэл, хэвлэлийн тойм, лекц болон бусад нийлээд 300 гаруй бүтээл туурвисан байна. Д.Энэбиш нь 1992 онд 'Монгол эхийн сүүний уураг, амин хүчлийн найрлага, иммунологийн шинж чанар' сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, 1996 онд дэд профессор, 2010 онд профессор цол хүртжээ. Анагаах ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласаныг үнэлж эрүүлийг хамгаалахын, боловсролын болон шинжлэх ухааны тэргүүний ажилтан (1997, 2002, 2005), 2005 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 2014 онд Монгол Улсын гавьяат багш цолоор тус тус шагнасан байна.