Сузуки Д.Т

(1870-1966) Сузуки самгардт, пали, хятад, япон хэлээр бичсэн буддын эх бүтээлүүдийг судладаг төдийгүй герман, франц, англи хэлээр хэвлэгдсэн орчин үеийн гүн ухааны зохиолуудыг гайхамшигтай мэддэг, эдгээр хэлээр чөлөөтэй ярьж, бичдэг байжээ. Тэрээр Японы хэд хэдэн тэргүүлэх дээд сургуульд багшилж байгаад дараа нь үйл ажиллагаагаа хилийн чинад, олон улсын хэмжээнд тэлэн хөгжүүлж, үйлс зорилгынхоо цар хүрээг өргөтгөжээ. 1936 онд Их Британид хичээл заахаар очсоноос хойш (багш солилцох шугамаар) Америк, Европын янз бүрийн их дээд сургуулиудад лекц уншжээ. Тэрчлэн зэн болон буддизмыи тухай япон, англи хэлээр зуу гаруй бүтээл туурвисан байна. Сузукигийн нэлээд хэдэн бүтээлийг өрнөдийн олон хэлнээ хөрвүүлсэн байдаг. Англи хэлээр хэвлэн гаргасан бүтээлүүдийнх нь тоонд «Зэн-буддизмын оршил», «Зэн амьдрал», «Зэн буддизмын гарын авлага», «Зэн-буддизм», «Христийн болон буддын шашин дахь агийн ёс», «Зэн-буддизмын тухай өгүүллүүд I-III», «Ланкаватара-судар», «Зэн ба японы соёл», «Зэн- буддизмын мөн чанар» зэрэг бусад олон бүтээл нь багтдаг. Зохиогч идэр залуу насандаа Камакурагийн их сүм, Энгакукед жирийн багшаар ажиллаж, амьдарч байжээ. Түүний шашинд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, японы соёлыг хилийн чанадад дэлгэрүүлснийх нь төлөө 1949 онд Японы эзэн хаан одон медалиараа шагнаж, Японы академийн гишүүнээр сонгожээ. 1954 онд соёлын салбарт гарамгай амжилт байгуулсны төлөө Асахийн шагнал хүртжээ.