Марк Твен

Марк Твен хэмээх бичгийн нэрээрээ дэлхий дахинаа алдаршсан, америкийн нэрт зохиолч Самуэл Лэнгхорн Клеменс 1835 оны 11-р сарын 30-нд Миссури мужийн Флоридад төржээ. Түүнийг дөрвөн настай байхад гэр нь нүүж, Миссисипи мөрний дэргэдэх, Миссисори мужийн жижигхэн хот Ханнибалд амьдарч эхэлсэн ба 11 настай байхад нь эцэг нь нас барснаар аргагүйн эрхэнд сургуулиа орхиж, хэвлэлийн газарт туслахаар ажиллаж эхэлжээ. Тэрээр 17 настайдаа Нью-Йорк руу, дараа нь Филадельфи руу аялж, 1857-1860-аад онд Миссисипид усан онгоцны газарчин болж, мөн салан тусгаарлах дайнд холбооны улсын талд орж, 1861 онд Невадад мөнгөний хайгуулч болж явсан гэдэг. Тэрээр анх сэтгүүлд зориулж аяллын тэмдэглэл бичдэг байсан бөгөөд энэ үед өөрийн гэсэн бичлэгийн хэв маягаа олж авсан байна. Хуучны романтик төсөөллийг шоглож, зохиол бүтээлээ хөгжилтэй, ёжтой байдлаар бичдэг байсан бөгөөд XIX зууны Франц болон Английн утга зохиолын нөлөө түүний бүтээлүүдэд тусгалаа олсон байдаг. Тэрээр Ханнибалд өнгөрүүлсэн хүүхэд насныхаа дурсамжаас сэдэвлэн бичсэн “Том Сойерийн адал явдал” /1876/, тэс өөр гаралтай хоёр гэр бүлд нэгэн өдөр зэрэг мэндэлсэн, хоорондоо усны дусал шиг адилхан хоёр хүүгийн хувь тавилангийн талаар өгүүлсэн “Жонон гуйлгачин хоёр” /1881/, “Том Сойерийн адал явдал” зохиолын үргэлжлэл болох “Хаклберри Финнд тохиолдсон адал явдал” /1884/ зэрэг хүүхэд залуучуудын хамгийн ихээр амтархан унших дуртай алдартай романуудыг туурвисан билээ. Мөн Клаверас мужийн алдарт мэлхий, Миссисипи мөрний эрэг дээрх амьдрал, Артур хааны шүүхээр яллагдсан Коннектикутын янки зэрэг олон богино өгүүллэг, баримтат зохиол, эсээний түүвэр, роман, жүжиг бичсэн байдаг. Марк Твений уран бүтээлийн сүүл үед хамрагдах зохиолууд нь бодит үнэнийг харгис хэрцгий байдлаар илэрхийлсэн, гутранги үзэл санаатай болсон байдаг. Алдарт зохиолч Эрнест Хемингуэй түүнийг “Америкийн орчин үеийн үргэлжилсэн үгийн зохиолын мастер” хэмээн үнэлсэн байдаг.