Демидов Елим Павлович

Сан Донатогийн гуравдугаар үеийн ван Елим Павлович Демидов 1868 онд Вена хотын дүүрэг хот болох Хиецинг (Hietzing)-т төржээ. 1893 онд Е.П.Демидов нь Софья Иллариовна Воронцова-Дашкова хэмээх хорин гурван настай бүсгүйтэй гэрлэсэн байна. Энэ бүсгүй ордны шадар хадагтай нарын нэг байснаар зогсохгүй Кавказын амбан захирагчийн охин байжээ. Е.П.Демидов Кавказаар явж байхдаа Английн нэрт анчин Сент-Жорж Р.Литтлдэйлтэй танилцаж, 1897 онд Монгол Алтайд угалзын анд хамт явж, улмаар тэрхүү аяллын тухай тэмдэглэлээ 1900 онд хэвлүүлсэн байна. Е.П.Демидов нь Хаант Оросын Гадаад явдлын яаманд албан ёсоор ажиллаж байсан бөгөөд 1917 оны Октябрийн хувьсгалын үед Грек улсад элчин сайдаар сууж байсан байна. Хувьсгалын дараа тэр эрхэм эх орондоо буцаж ирэлгүй гадаадад цагаачлан амьдарч, энэ хугацаандаа хоёр боть дурсамж бичин хэвлүүлж, мөн уран зураг оролдож, Париж хотноо хэвлэгдэж байсан 'Русская мысль' сонинд редактораар ажиллаж байжээ. Сан Донатогийн III ван Е.П.Демидов Дэлхийн II дайны төгсгөл үед генерал Шарль де Голлийн бие төлөөлөгчөөр ЗХУ-д ирсэн бөгөөд энэ хугацаандаа Урал нутгаар явахыг тун их хүссэн боловч харамсалтай нь түүний хүсэл биелэх тавилангүй байж. Елим Павлович Демидов 1947 онд нас барж, түүнийг Афин хотод оршуулжээ.