Бигэрмаа Рагчаагийн

1976 онд төрсөн. Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн 'Бага ангийн багш', УБИС-ийн 'Монгол хэл, уран зохиолын багш', МУБИС-ийн 'Англи хэлний багш'-ийн ангийг төгссөн. УБИС-ийн утга зохиолын тэнхимд 'Б.Лхагвасүрэнгийн яруу найрагт хийсэн ажиглалт' сэдвээр хэлбичгийн ухааны магистр, МУБИС-ийн Англи хэл заах арга зүйн тэнхимд 'Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг эко- хэлшинжлэлийн үүднээс судлах нь (Англи хэлний боловсролын жишээн дээр)' сэдвээр хэлшинжлэлийн ухааны магистрын зэрэг хамгаалсан. Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах бичиг зохиогчоор идэвхтэй ажиллаж, 10 сурах бичиг, 20 гарын авлага зохиосон. 2004 онд III ангийн 'Монгол бичиг' сурах бичиг нь 'Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг сурах бичиг'-ийн өргөмжлөл хүртсэн. (хамтран зохиогч) Тэрчлэн албан бичиг боловсруулах арга зүй, түүний найруулгын талаар МУИС-ийн оюутнуудад хичээл зааж, 'Албан бичиг боловсруулах арга зүй, түүний найруулга' сурах бичиг, монгол хэл сурч буй гадаадын оюутнуудад зориулсан 'Монгол хэлний зүй', 'Утга зохиолын унших бичиг' зэрэг ном, сурах бичгийг хамтран зохиож, 'Б.Лхагвасүрэнгийн яруу найрагт хийсэн ажиглалт', 'Цаг үе-яруу найраг- шинэчлэл' зэрэг утга зохиолын судлал шүүмжлэлийн ном, оюутан сурагчдад зориулсан 'Утга зохиолын судлалын гарын авлага', англи хэлний багш нарт зориулсан 'Эко-Хэлшинжлэл ба тогтвортой хөгжихүйц англи хэлний боловсрол' хэл шинжлэлийн гарын авлага хэвлүүлжээ. Монгол Улсын өсвөр үеийнхнийг мэдлэг боловсрол олж авах, сурган хүмүүжүүлэх үйлсэд өөрийн мэдлэг оюунаа дайчлан, сурах бичиг зохиож, оюуны үнэт хөрөнгө оруулалт хийж буй амжилтыг нь үнэлж, 1991 онд БСШУЯ-ны диплом, 1998 онд Боловсрол соёл шинжлэх ухааны Яамны баярын бичиг, 2004 онд 'Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг сурах бичиг' зохиогчийн шагнал, 2007 онд 'Боловсролын тэргүүний ажилтан' цол, тэмдгээр шагнасан байна.