Гоохүү Ш

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул. Улаанбаатар хотод Санхүү-Эдийн засгийн техникум, ОХУ-ын Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг тус тус дүүргэсэн. Санхүү-зээлийн эдийн засагч мэргэжилтэй. Говь-Алтай аймагт банкны орлогч, ерөнхий ня-бо, банкны дарга, Улсын банкны Ерөнхий хорооны хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн референт, Соёлын яамны орлогч сайд, арилжааны банкны Ерөнхий захирал зэрэг алба хашиж байсан. 1970-аад оноос шүлэг зохиол сонирхон оролдож эхэлсэн бөгөөд төв орон нутгийн хэвлэл, зарим ном товхимолд олон арван шүлэг, найраглал нийтлүүлсний дээр үндэсний бөхийн талаар сүүлийн 20 гаруй жил системтэй судалгаа хийж «Зуун далан бөхийн зугаатай хөрөг» (1998 он), «Цагийг эзэлсэн их аваргууд» (2000 он), «Цаглашгүй хүчит арслангууд» (2002 он), «Газар хотолзуулсан заанууд» (2004 он), «Монгол улсын арслан Пагамын Аюуш» (2005 он), «Хонгор нутгийн эрт эдүгээгийн хүчит бөхчүүд» (2006 он), «Монгол улсын харцага хийгээд харцага лугаа начингууд» (2006 он), Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжавтай хамтран 2010 онд «Домогт бөхчүүдийн омогт барилдаан» номуудыг бичиж нийтийн хүртээл болгосон. Өнгөрөгч зууны 90-ээд оны сүүл үеэс эхлэн «Бөх», «Монгол бөх, наадам», «Таван цагариг», «Өнөөдөр», «Зууны мэдээ» зэрэг сонинуудад дан бөхийн тухай 100 шахам өгүүлэл, судалгааны материал нийтлүүлээд байгаагийн зэрэгцээгээр монгол бөхийн сэдэвтэй эрдэм шинжилгээний хуралд хэд хэдэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн.