Ган-Өлзий Ч

Ч.Ган-Өлзий ХVI жарны усан могой жил Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт төрсөн. 1971 онд Биндэрийн бүрэн дунд сургууль, МУИС-ийн герман хэлний бэлтгэл, философийн анги, ЗХУ-ийн Москва хотод Нийгмийн Ухааны Академийг тус тус төгссөн. Философич, улс төр судлаач мэргэжилтэй. 1990 онд Москва хотод «БНМАУ-ын хөгжлийн өнөөгийн шатанд нийгмийн шударга ёсыг хэрэгжүүлэх асуудал» сэдвээр философийн доктор (Рh.D)-ын, 2008 онд Улаанбаатар хотноо «Оюун санаа, зан үйл ба улс төрийн ертөнцийн гоц чанарын шударга зохицол» сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1997 онд Монгол Улсын Эрдмийн зэрэг, цол олгох дээд Зөвлөлөөс профессор цол хүртсэн. 2010 онд ШУА-ийн Бага Чуулганы гишүүнээр сонгогдсон, Монголын философчдын холбооны тэргүүлэгч гишүүн. 1980-1987 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Дээд Сургуульд багш, 1990-92 онд Засгийн газрын дэргэдэх Судалгааны Төвд эрдэм шинжилгээний ажилтан, зөвлөхөөр ажиллаж байгаад 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллажээ. 1996-2000 онд Улс төрийн дээд сургууль, Их засаг Их сургууль, Хан-Уул дээд сургуульд профессор. Одоо ШУА-ийн ФСЭХ-д эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан. Ган-Өлзий нь орчин үеийн философийн танин мэдэхүй ба ахуй ёсны тулгамдсан асуудал, иргэний нийгмийн онол, практик, нээлттэй нийгэм ба ардчилсан засаглалын үзэл баримтлалыг задлан шинжилж эрдэм шинжилгээний нэг сэдэвт зохиол 9, сурах бичиг 2, эрдэм шинжилгээний ном, товхимол 5, хамтын бүтээлийн бүлэг зүйл 8, өгүүлэл 28-ийг бичиж туурвисны зарим нь орос, хятад, англи, солонгос хэлээр хэвлэгдсэн. Америкийн нэрт эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч Р.Вольфын «Философийн тухай» хэмээх дэлхийн олон оронд хэвлэгдсэн номыг орчуулсан. Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн (Соросын сан)-гийн шагналтан (1998). Шинжлэх ухааны шилдэг бүтээлийн шагнал (2011) хүртсэн.