Батдолгор Л
Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул. Хууль зүйн ухааны доктор, профессор, хурандаа. Тагнах ажиллагаа судлаач. 'Сөрөх тагнуулын үйл ажиллагаа' хичээлийг ТЕГ-ын Дээд сургууль, Үндэсний Тагнуулын Академид 20 шахам жил заасан. Дэлхийн олон улсын тагнуулын албадын тухай 'Тагнуулын албад' номын 'Вьетнам, Румын, Израиль улсын тагнуулын байгууллагуудын тухай' хэсгийг, 'Гүйцэтгэх ажил' (М.Батсайханы хамт), 'Монголын ба Гадаад улсуудын тагнах ажиллагаа', 'Дэлхийн улсуудын тусгай албадын тагнуулын операци' (I,II дэвтэр) номуудыг бичсэн. Тагнуулын сэдвээр бичигдсэн В.Островски, К.Хой нарын 'Хууран мэхлэх аргаар' номыг англи хэлнээс, Юрий Модины 'Тагнуулчдын хувь тавилан' номыг Алтанзагасын хамт, К.А.Капитановын ''Израилийн тагнуулын албадын тухай 'Моссад'-ын нууц ажиллагаа' номыг Ж.Баатарын хамт, Жерар де Виллегийн 'Эрхэмсэг тагнуулч Малько', 'Хенри ажиллагаа' номыг Д.Баттүвшингийн хамт орос хэлнээс орчуулсан. 2009 онд МУИС-ийн ХЗС-д 'Тагнах ажиллагааны эрх зүйн зохицуулалтын үндсэн асуудлыг төгөлдөршүүлэх нь' сэдвээр хууль зүйн ухааны доктор (Ph.D) -ын зэрэг хамгаалсан. Тагнуулын сэдэвтэй хорь гаруй сэдвээр судалгааны өгүүлэл туурвисан нь 'Монголын төр, эрх зүй', 'Тусгаар тогтнол', Хууль дээдлэх ёс', 'Хүний эрх', 'Шудрага ёс', 'Их Засаг' сэтгүүлүүдэд нийтлэгдсэн. Төрийн одон, медалиудаас гадна 'Тагнуулын байгууллагын хүндэт ажилтан', 'БНМАУ-ын Онц хилчин', 'Боловсролын тэргүүний ажилтан' цол, тэмдэг, Шинжлэх ухааны академийн 'Хүндэт Жуух'-аар шагнагдсан.