Батчулуун Л

Лүнтэнгийн Батчулуун далаад онд ДУДС-ийн багш, 1975-1989 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын сектор, 1989 оноос СУСХ-ийн секторын эрхлэгч, захирал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Эрдэмтэн нарийн бичгийн даргын алба хашиж эдүгээ хүртэл дөч гаруй жил эрдэм судлалын ажилд тууштай зүтгэж, тухайн салбарын тулгын чулууг тавилцсан эрдэмтэн. Монгол хээ угалзны бүтэц төрөл зүйл (1991) сэдвээр урлаг судлалын ухааны доктор (Ph.D), Эсгийн урлаг, тэмдгийн тогтолцоо (2003) нэгэн сэдэвт эрдэм шинжмлгээний бутээлээр Урлаг судлалын шинжлэх ухааны докторын зэрэг (Sc.D) хамгаалж, дэд профессор (1995), профессор (2004), Хүмүүнлэгийн академийн жинхэнэ гишүүн (1995) цол хүртжээ. Доктор Л.Батчулуун Монгол гагнуурын жор (1992 он), Монгол эсгий ширмэлийн урлаг (1999 он), Эсгийн урлаг, тэмдгийн тогтолцоо (2003 он), Эсгийн урлаг, тэмдгийн тогтолцоо' (2003. худам монголоор),' Felt art of the Mongols' (2004, 2009), С.Нацагдоржийн туурвилзүй (2008), Монгол дархны урлаг хоёр боть (2009), Марзан Шаравын туурвилзүй (2010) зэрэг гуч гаруй ном, нэгэн сэдэвт бүтээл туурвижээ. Монголын дурслэх урлагийн түүх (1989) Монголын соёлын түүх. Гурван боть (1999) Урлахуйн ухааны шастир (2001) 'Молор толгойн хадны зураг' (2004), 'Монголын зан үйлийн нэвтэрхий толь'-ийн оюуны боть (1995. БНХАУ-д), 'Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал (1997), Монголын нэвтэрхий толь (1999 он), Дэлхийн урлагийн түүх (2000), Монголын түүх, соёлын атлас (2003 он), Бигэрийн товчоон (2004), Дурслэх урлаг судлал (2009) Монголын соёл урлаг судлал (2010) зэрэг Монголын шинжлэх ухаан 108 ботийн 20-25-р боть, Монголын биет бус соёлын өв (2011), Урлах ухааны нууц (2011) зэрэг гуч гаруй томоохон хамтын бүтээл туурвилцаж, 200 гаруй өгүүлэл нийтэлсэн байна. Профессор Л.Батчулуун 86 магистр, 10 доктор (Ph.D), гурван шинжлэх ухааны докторын (Sc.D) ажлыг удирдаж, зөвлөж хамгаалуулан, урлаг судлалын 60 гаруй ном ариутган шүүж, монголын соёл урлаг судлалын боловсон хүчин бэлтгэхэд дорвитой хувь нэмрээ оруулжээ. Түүний Эсгий ширмэлийн урлаг, Монгол дархны урлаг ном Монгол улсын шинжлэх ухаан, технологийн тэргүүн шагнал (2000), (2010), өгүүллүүдээрээ Залуу зохион бүтээгч (1984), Урлах эрдэм (1991), Улаан од (1985), Монголия (1989) сэтгүүлийн оны тэргүүн шагнал, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг (2001), Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал (2002), Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын нэрэмжит цалин (2001), Монголын урчуулын эвлэлийн тэргүүний ажилтан, Монгол улсын шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол тэмдэг, их зураач У.Ядамсүрэнгийн нэрэмжит анхны шагнал, Алтан гадас (2005), Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон (2012) хүртжээ.