Маршак Самуил Яковлевич

Орос, Зөвлөлтийн яруу найрагч, жүжгийн зохиолч, орчуулагч, утга зохиолын шүүмжлэгч Самуил Яковлевич Маршакийг Монголын хүүхэд багачууд олон сайхан үлгэрээр нь мэдэх билээ. С.Маршак 1887 оны 10 дугаар сарын 22-нд Хаант Оросын Воронежид еврей гэр бүлд төржээ. Тэрбээр эхлээд бага сургуульд, дараа нь 1899-1906 онд гимназид суралцсан бөгөөд тэр үеэс багшийнхаа нөлөөгөөр уран зохиолд дур сонирхол нь татагдаж шүлэг бичиж эхэлжээ. Санаандгүй тохиолдлоор Маршакийн шүлгүүдээ бичсэн дэвтэр нь Оросын нэрт шүүмжлэгч, урлаг судлаач В.В.Стасовын гарт орсон нь залуу хүүгийн хувь заяаг шийдэхэд хүргэжээ. В.Стасовын тусламж дэмжлэгтэйгээр Петербургийн хамгийн сайнд тооцогддог гимназид шилжин суралцаж, Стасовын ажиллаж байсан хэвлэлийн газрын номын санд байнга суудаг болжээ. 1904 онд Стасовын гэрт их зохиолч Максим Горькийтой танилцаж, Горький залуу хүүг ихээр сонирхон Ялт дахь өөрийн зусландаа урьж, Маршак 1904-1906 онд тэнд амьдарч байв. 1911 онд С.Маршак Ойрхи Дорнод, Газрын дундад тэнгисийн орнуудаар урт аялалд гарчээ. Түүний хувьд Петербургийн 'Всеобшей газеты' болон 'Синего журнала' сэтгүүлийн сурвалжлагчаар томилогдон явжээ. Энэ аялал залуу Маршакийн хувьд уянгын шүлгүүдийн арвин олзтой бүтээлч аялал байв. 1912-1914 онд Англид эхлээд политехникумд, дараа нь Лондонгийн Их сургуульд суралцаж байхдаа Ангиар явган аялал хийж, Английн ардын дууг сонирхон сонсдог байлаа. Тэр үеэс л орчуулах ажлаа эхэлжээ. Тэрээр 1914 онд эх орондоо эргэж ирээд өөрийн орчуулгуудыг 'Северные записки', 'Русская мысль' сэтгүүлүүдэд хэвлүүлж бас дайны тэр жилүүдэд тэнэмэл өнчин хүүхдүүдэд туслах ажил хийж байв. Екатеринодарт амьдарч байхдаа 1920 онд тэнд хүүхдэд зориулсан соёлын байгууллагыг зохион байгуулж, Оросын анхны хүүхдийн театрыг байгуулан театрын үзвэрийн дууны шүлэг, зохиолыг бичиж байжээ. 1923 онд хүүхдийн анхны шүлгийн номоо гаргаж, түүнд нь 'Жекийн барьсан байшин', 'Шургуулган доторх хүүхдүүд', 'Тэнэг бяцхан хулганы үлгэр' зэрэг үлгэр нь орсон байлаа. С.Маршак 1922 онд Петроградад шилжин ирснийхээ дараа ардын аман зохиол судлалын эрдэмтэн Ольгой Капицейтэй хамт Гэгээрлийн Ардын Комиссиратын зөвлөлийн Сургуулийн өмнөх боловсролын институтыг зохион байгуулж хүүхдэд зориулсан 'Воробей' сэтгүүлийг гаргаж, хэдэн жилийн турш Ленинградын хүүхдийн ном хэвлэлийн редакцийг удирдаж байв. Ийнхүү С.Маршак бүтээн туурвих нөр их ажлын зэрэгцээ, нийт ард түмний гэгээрэл боловсролыг хөгжүүлэх үйл хэрэгт идэвхитэй оролцож, биечлэн удирдаж, санаачлан зохион байгуулж ирсэн хөдөлмөр зүтгэлээрээ Төрийн шагналыг таван удаа хүртсэн билээ. Тэрбээр 1964 оны 7 дугаар сарын 4-нд 76 насандаа Москва хотноо таалал төгсжээ.