Коллинз Вилки

Английн алдарт зохиолч Уилльям Уилки Коллинз нь 1824 оны 1-р сарын 8-нд Английн Лондон хотод төржээ. Тэрээр багадаа ээжээрээ заалган гэрийн боловсрол эзэмшсэн бөгөөд итали, франц хэл мэддэг байв. Коллинз хэсэг хугацаанд эцгийнхээ эрхэлдэг цайны газарт худалдагчаар ажилласан ч уран зохиолын онгод түүнийг урин дуудсан юм. Ингээд 1845 онд анхныхаа зохиол болох 'Айолани'-г бичсэн боловч хэвлэх газар олдсонгүй. Өөрийнх нь бизнесийг залгамжлах сонирхолгүй хүүдээ урам хугарсан эцэг нь түүнийг хуулийн сургуульд оруулсан боловч уран зохиолд сонирхолтой Коллинз хамаг цагаа ном бичихэд зориулж байсан ба 1850 онд хоёр дахь роман 'Антонина'-гаа бичиж хэвлүүлжээ. 1851 онд тэрээр зохиолч Чарльз Диккенстэй танилцаж, насан туршийн дотно нөхөд болсон ба Коллинз эхэн үеийн зохиол бүтээлүүдээ Диккенсийн эрхлэн гаргадаг сонинд нийтлэх болж, зарим жүжгүүдийг нь Диккенс театртаа дэглэн тавьж байлаа. У.Коллинз амьдралынхаа турш нийтдээ 30 гаруй роман, жүжиг, өгүүллэг бичсэн байдаг бөгөөд уран бүтээлийнхээ сор болсон зохиолуудыг 1860-аад оны үед туурвисан байдаг. Тэдгээрээс дурьдвал 'Цагаан хувцастай эмэгтэй' '1860', 'Нэргүй' '1862', 'Армадэйл' '1866', 'Саран чулуу' '1868', 'Хөөрхий Финч авхай' '1872', 'Хоёр өөр тавилан' '1876', 'Ёр шүглэсэн буудал' '1879' зэргийг нэрлэж болно. Түүний бичсэн 'Саран чулуу' зохиол нь Коллинзын бүтээлүүдийн оргил хэмээн үнэлэгддэг бөгөөд Америкийн зохиолч Томас Элиот уг зохиолыг 'Aнглийн хамгийн анхны, хамгийн урт, хамгийн сайн детектив роман' хэмээн үнэлсэн байдаг. Энэхүү зохиол анх 1934 онд дэлгэцийн бүтээл болсон бөгөөд хожим нь 1959 онд Их Британид 7 ангит кино болон гарчээ. Мөн 'Цагаан хувцастай эмэгтэй' романаар нь 1948 онд АНУ-д, 1997 онд Их Британид тус тус кино хийж, дэлгэцэнд мөнхөлсөн билээ. Коллинз 'Сохор дурлал' нэртэй зохиол бичиж эхэлсэн боловч төгсгөж чадалгүй нас нөгчсөн бөгөөд Английн зохиолч Уолтер Безант бичиж дуусгасан ажээ.