Толл Экхарт

Герман гаралтай Канадын иргэн, зохиолч, илтгэгч Экхарт Толл 1948 оны 2-р сарын 16-нд Люнен хотод хотод төржээ. Түүний хүүхэд нас гуниг, гутрал дунд өнгөрсөн бөгөөд хэзээ ч өөрийг нь ойлгодоггүй хүйтэн хөндий сургуулийн орчноос тэр зугтдаг байлаа. Хоорондоо үргэлж зодолддог байсан эцэг, эх нь эцэстээ салж, Экхарт 13 настайдаа аавтайгаа хамт амьдрахаар Итали руу нүүсэн аж. Тэнд очоод сургуульд явалгүй, гэрээрээ уран зохиол, гадаад хэл, одон орон судалдаг байв. 15 настайдаа Германы яруу найрагч, зураач Жозеф Антон Шнайдерфранкены номуудыг уншиж, түүний зохиолуудад автах болжээ. 19 настайдаа Англи рүү нүүж, тэнд Лондоны нэгэн сургуульд 3 жил герман, испани хэл заасан юм. Энэ хугацаанд тэрээр сэтгэл гутралтай, цухалдуу байсан ба амьдралынхаа утга учрыг танин мэдэхээр оролдож эхлэв. Ингээд Лондоны их сургуульд элсэн орж, гүн ухаан, сэтгэл судлал, уран зохиол судлах болсон ба сургуулиа төгсөөд Кембрижийн их сургуульд тэтгэлэгээр суралцах боломж олдсон ч сургуулиа хаяжээ. Ингээд 1977 онд 29 настай Экхарт амиа хорлох хэд хэдэн удаагийн оролдлого хийж бүтэлгүйтсэнийхээ дараа өөрийн дотоод ертөнцөө өөрчлөх хэрэгтэйг ойлгосон гэдэг. Хэдэн жил ажилгүй байж, дотоод ертөнцөө танин мэдэх эрэл хайгуул хийж яваад шашны багш болж, номоо бичиж эхлэв. 1997 онд 'Одоогийн хүч' хэмээх анхны номоо бичиж хэвлүүлсэн нь 2000 онд Нью-Йорк Таймсын хамгийн их борлуулалттай номын жагсаалтанд багтсан юм. Үүний дараа 'Одоогийн хүчийг амьдралдаа хэрэгжүүлэх нь' '2001', 'Анир чимээгүй яриа' '2003', 'Шинэ ертөнц: Амьдралын зорилгоо ухамсарлахуй' '2005', 'Милтоны нууц' '2008', 'Бодгалийн хамгаалагчид''2009' зэрэг ном бичсэнээс Шинэ ертөнц ном нь хэвлэлтээс гараад ганцхан сарын дотор 3,5 сая хувь борлогдож, Опра Уинфри номын клубтээ хэлэлцүүлэг өрнүүлж байв. Экхарт хэдийгээр шашны багш байсан ч гэсэн аль нэг шашныг онцлон шүтдэггүй ба түүний зохиолуудад Зэн буддизм, Хинди, Ислам, Христийн сургаал аль аль нь илэрсэн байдаг. '