Юстейн Гордер

Норвегийн сэхээтэн, философийн багш Юстейн Гордер 1952 онд төржээ. Тэрээр хэд хэдэн роман, богино өгүүллэг, хүүхдийн номын алдартай зохиолч бөгөөд ихэвчлэн хүүхдийн өнцгөөс зохиолоо туурвидгаараа онцлог төдийгүй тэдний ертөнцийг мэдрэх торгон мэдрэмжийг судалдгаараа олонд танил. Зохиолчийн хамгийн алдартай бүтээл болох “Софийн ертөнц” ном 1991 онд бичигдсэн ба нийт 60 хэл рүү орчуулагдаж 40 гаруй сая хувь борлогдсон юм. Мөн тус зохиолоор уран сайхны кино гаргаж нийтийн хүртээл болгосноор олон улсын хэд хэдэн шагнал хүртсэн билээ.


Зохиолч алдартай зохиолынхоо гол дүрээр “Софийн нэрэмжит шагнал”-ыг санаачилж 1997 оноос 2013 он хүртэл байгаль орчны чиглэлээр олгосон байна. Юстейн Гордер 1995 онд өгсөн нэгэн ярилцлагадаа “Афинд аялж явахад хүүхэд ойлгохоор бичигдсэн философийн тухай ном огт байхгүй гэж сонсоод энэ номыг бичих санаа анх төрсөн” гэжээ.