Миэко Каваками
1976 оны наймдугаар сарын 29-нд Осака хотод төрсөн тэрээр зоригтой, хурц, шинэлэг зохиолуудаараа асар хурдан хугацаанд нэр хүндтэй болж чадсан билээ. Кавакамигийн бүтээлүүд нь хувь хүн болон нийгэмд тулгардаг элдэв асуудлыг огт зөөлчлөлгүй яг байгаагаар нь дүрсэлдгээрээ, ихэвчлэн ширүүн реализмыг яруу найргийн эргэцүүлэлтэй хослуулдгаараа онцлог. Феминизм, биеийн гадаад төрх, өөрийгөө нээн илрүүлэх зэрэг сэдвүүдийг хөндсөн түүний “Хөх ба өндөг” роман нь орчин үеийн уран зохиолд зоримог, өөрийн гэсэн өнгө аястай, өвөрмөц дуу хоолой болж, түүний нэр хүндийг зохиолчийн хувиар олон улсад алдаршуулж чадсан байдаг. Шинэ бүтээл бичих болгондоо Каваками өгүүллэгийн хил хязгаараа нэг шатаар ахиулж, гүн гүнзгий бөгөөд ихэвчлэн өдөөн хатгасан хэв маяг оруулж өгдгөөрөө уншигчдын сэтгэлийг татдаг. Сонирхуулж хэлэхэд Каваками нь дуучны хувиар гурван цомог, гурван сингл гаргаж байжээ.