Пунсаг А
1983 онд ӨМӨЗО-ны Багшийн их сургуулийн Улс төр, түүхийн ангийг дүүргэж, түүхч-угсаатны зүйч мэргэжил эзэмшсэн. 1983-1992 онуудад ӨМӨЗО-ны Багшийн их сургуульд багшилж байгаад, 1992 оноос Монгол улсын ШУА-д аспирантурт суралцаж 'Монголчуудын уламжлалт цээрийн ёс' сэдвээр 1996 онд түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Одоо ШУА-ийн Түүхийн хүрээлэнд Дундад зууны үеийн Монголын түүхийн салбарын эрхлэгчээр ажиллаж байна. Тэрээр 'Монгол шатар ба монгол соёл' (1993), 'Монголчуудын уламжлалт цээрийн ёс' (2003), 'Монголын Нууц Товчооны судалгаа' (2008), 'Монголын Нууц Товчоо дахь ёс заншилын судалгаа' (2010), 'Тэнгэрийн их Юань улсын түүхэн тэмдэглэл' (2010) ганц сэдэвт зохиол болон 'Монголын их Юань улс' (2010) зэрэг арав гаруй хамтын бүтээл, 60 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж Герман, Орос, Япон, Хятад, Солонгос зэрэг оронд зохиол нь нийтлэгдсэн байна.