Адлер Алфред
Алфред Адлер (1870-1937) бол Венын сэтгэл судлаач Зигмунд Фройд, Цюрихын сэтгэл судлаач Карл Юнгтэй нэгэн үед мөр зэрэгцэн бүтээж асан бодгаль сэтгэл судлалын эцэг, орчин үеийн сэтгэл судлал, сэтгэл заслын нөлөө бүхий сэтгэгчдийн нэг билээ. Алфред Адлерын ажлуудын ололт нь холистик үзэл баримтлалыг чухалчлан өвчтөнийг 'бүхэл хүн' гэсэн өнцгөөс судалж, эмчлэх ёстой хэмээн сэтгэцийн эмгэгийг урьдчилан сэргийлэхтэй адилтган төвийг сахидаг үзэлтэй байв. Мөн хүүхдийн өсөлт хөгжилтөд гэр бүлийн ардчилсан хэв загвар чухал гэж үздэг байлаа. Түүний дэвшүүлсэн санаануудаас хүн өөрийнхөө үнэлэмжид чамлалтай хандаж, түүнийгээ сөрөг замаар даван туулах тухай 'дутуугийн комплекс' (inferiority complex)-ийн онол хамгийн алдартай нь билээ. Үүнтэй уг үндэс нэгтэй онолууд ч бий. Зан чанар, бие хүний хэв загварыг бий болгох төрөлтийн эрэмбийн ач холбогдол, хүүхдийн хөгжилд тохиолдох хэт эрхлүүлэх болоод хайхрамжгүй хандахын үр дагавар, хүний сэтгэл санаа эрүүл эсэхийг илрүүлэх нийгмийн мэдрэмжтэй болохын тулд бусадтай хөдөлмөрлөх, хувь хүний хөгжил нь тэдний бага насны амьдралд тохиолдсон дурсамжтай холбоотой бөгөөд тухайн хүнийг насан туршид нь удирдан чиглүүлэх 'амьдралын хэв маяг' болдог зэрэг ойлголтууд бий. Түүнээс гадна амьдралын тухай ойлголтод чухал үүрэгтэй эр эм хүйсийн харилцан хүчний динамикийн хөндөж (жендэртэй холбоотой), феминимзийн ойлголтыг чухалчилсан анхдагчдын нэг. А.Адлер дэлхийн нэгдүгээр дайнд эмчээр ажилласныхаа дараа европ даяар тархаад байсан 'хэцүү хүүхдүүдийн систем'-ийн тухай олж мэджээ. Адлер багш, сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнууд, эмч, сэтгэцийн эмч нарт өөрийн судалгааны аргыг танилцуулж, 1935 онд Америкт очиж лекц уншиж байв. Тэрээр 1937 онд өөд болжээ. Алфред Адлер амьдралынхаа турш хүүхдийн, гэрлэлтийн, боловсролын сэтгэл судлал болоод бодгаль сэтгэл судлалын зарчим, ойлголтын тухай 300 гаруй ном, товхимол бичжээ. Түүний бичсэн 'Хүний мөн чанарын ойлголт', 'Амьдралын ойлголт', 'Таны амьдралын хэв маягийн тусгал', 'Нийгмийн сонирхол', 'Бодгаль сэтгэл судлалын онол ба практик' ном дэлхийн дахинаа ихэд алдаршсан билээ.