Вилл Дурант
Вилл Дурант 1885 оны 11 дүгээр сарын 5-нд АНУ-ын Массачусетс мужийн Норт Адамс хотод, Франц-Канад гаралтай, католик шашинтай гэр бүлд төрж өсжээ. Тэрээр эхнэр Ариэлийнхээ хамт бичсэн Соёл иргэншлийн түүх (The Story of Civilization) хэмээх 1935-1975 оны хооронд хэвлэгдсэн 11 боть цуврал бүтээлээрээ алдартай. Мөн түүний 1926 онд хэвлэгдсэн Философийн түүх (The Story of Philosophy) номыг “философийг түгээн дэлгэрүүлсэн гайхалтай бүтээл” хэмээдэг. 1907-1911 оны үед тэрээр Сетон-Холл их сургуульд латин болон франц хэл заадаг байжээ. Түүний дараагаар 1911-1913 оны хооронд хоёр жил Феррер Модерн Их сургуульд багшилсан юм. 1908 онд Вилл Дурант Нью-Йорк сэтгүүлд сурвалжлагчаар ажиллаж, зохиогчийн карьераа эхлүүлсэн бөгөөд 1917 онд Колумбийн Их сургуульд философийн чиглэлээр докторын зэрэг горилсон оюутан байхдаа Философи ба нийгмийн асуудал (Philosophy and the Social Problem) хэмээх анхны номоо хэвлүүлсэн аж. Тэр жилдээ Дурант докторын зэргээ хамгаалж, сургуульдаа зааварчлагч багшаар ажиллаж үлджээ. Философийн түүх ном нь анх сургалтын зориулалттай товхимол байсан ч нэр нөлөө нь өсөн нэмэгдсээр 1926 онд ахин хатуу хавтастай хэвлүүлснээр шилдэг борлуулалттай ном болж, дэлхийгээр аялан, 40 жилийн турш Соёл иргэншлийн түүхүүдээ бичих боломж бүрдсэн гэдэг.