Даян дэлхийн жигшүүрт түүх (16)
Даян дэлхийн жигшүүрт түүх (16)
Борхес эдгээр өгүүллэгээ “хүүрнэл дасгалууд” (los ejercicios de prosa narrativa) гэж тун даруухнаар нэрийдсэн нь энэ түүврийн нэлээд егөөтэй, бардам нэрээс эрс ялгарна. Борхес ертөнцийн бүхий л жигшүүрт хэргийн тухай өгүүлэх гэж буй мэтээр тун эрдсэн гарчгаар түүврээ нэрлэсэн ажээ. АНУ, Хятад, Япон, Туркестан, Аргентин, Андалус, Египет, Судан: түүвэрт багтсан 14 өгүүллэг дэлхий ертөнцийн эдгээр газар нутгуудад өрнөнө. Et cetera өгүүллэгийн хоёр дэд хэсэгт яавч жигшүүрт явдал өрнөж таарахгүй гэж бодохуйц газар буюу христийн шашны диваажинд өрнөдөг нь тун гайхмаар хэрэг.
Цаг хугацааны хувьд өгүүллэгүүдийн үйл явдал дундад зууны эхэн үеэс Борхесын өөрийн амьдарч байсан цаг үеийг хамарна. Түүнчлэн жигшүүрт хэргүүдийн төрөл зүйлийн тухайд Борхес аль болох өргөн хүрээг хамрахыг, аль болох олон төрлийн жигшүүрт хэргийн тухай хүүрнэхийг хичээсэн нь ажиглагддаг: заль мэх, урвалт, худал, дүр эсгэлт, далайн дээрэм, аллага гэх мэт –– Борхесын хүүрнэлгүй өнгөрүүлсэн жигшүүрт хэргийг бодож олох тийм ч амар бус. Түүвэрт багтсан Ягаан булангийн хүн, Et cetera хэмээх өгүүллэгүүдээс бусдыг нь Борхес өөрөө зохиож бичээгүй, харин төрөл бүрийн эх сурвалжаас авч өөрийнхөөрөө дахин найруулж, шинээр хүүрнэсэн юм. Гэхдээ Борхесыг нэр алдарт хүргэсэн уран бүтээлийн онцгой хэв маяг нь эхэн үеийн энэхүү бүтээлд нь ч маш тод туссан байна.