Интерном
2022.10.26 · 2 мин

АМЬТНЫ ФЕРМ ЁГТ ЗОХИОЛЫГ УНШИХ 5 ШАЛТГААН

Жорж Оруэлл зохиолчийн бичсэн хамгийн алдарт ёгт зохиол "АМЬТНЫ ФЕРМ" номыг мэдэхгүй хүн ховор биз ээ.
Эл номын талаар олон дуулсан ч хараахан 'барьж аваагүй' байгаа бол бид танд яагаад ЯГ ОДОО барьж авах учиртайг 5 шалтгаанаар тайлбарлая.

Сонгодог зохиолууд дундаас хамгийн богинохон, нимгэн ном гэхэд хилсдэхгүй. Тунчиг богино бүлгүүдтэй, туйлын  энгийн өгүүлбэртэй. Бусад ‘зузаан’ зохиол шиг далд утга, шинэ санаа зэргийг бид хайгаад байх шаардлагагүй, нүднээ илхэн. Хувьсгал хийгээд дарангуйллын мөн чанарыг 100 гаруйхан хуудаснаас л мэдэрнэ гээд бод доо.

Амьдарч буй нийгмээ тольдон харахад, улс төрийн үзэл бодолдоо “салхи оруулахад” энэ ном танд тусална. Дан ганц хувьсгалын тухай ч бус дарангуйлал, ёс журам, суртал ухуулга, боловсрол гэхчлэн бидний “зугтчих” гээд байдаг сэдвийг давхар хөндөж байдаг.

Нохдоор хамгаалуулсан Наполеон, бичиг хэрэг суртал ухуулгыг хариуцах Цангинуур, хамаг бүхний буруутан Цасанбөмөг, уйгагүй хөдөлмөрлөх Боксер зэрэг амьтдын дүрүүд танд ойрхон санагдахгүй байна уу? Магад та бүхнийг ажин суух Бенжамин ч байж мэднэ. Өнөөгийн нийгэм дэх “зарим” хүмүүсийг ийн амьтдаар төлөөлүүлсэн нь нэн сонирхолтой.

Бүтэн зууны түүхийг төлөөлөн өгүүлж чадахуйц ном. Цаг үеэсэ түрүүлж төрсөн гэгдэх энэ зохиолыг ЕБС-ийн “Заавал унших номын жагсаалт”-д бүр “заавал” багтаадаг. 70 жилийн хойно ч дэлхий дахинаа уншсаар байгаа нь энэ зохиолын үнэ цэнэ, чанар чансааг батлана.

Хүүхэд байхдаа та Эзопийн ёгт үлгэрүүдэд дуртай байсан бол энэ ном гарцаагүй таны унших ёстой ном. Дэлхийн хаа сайгүй өрнөж буй “хувьсгал, бослого” гээч том сэдвийн тухай амьтдаар төлөөлүүлэн ёгтлон өгүүлсэн санаа бүрийг тайлах тусам та энэ номд дурлах нь баараггүй.

Эцэст нь ном бол оюуны хөрөнгө оруулалт!


Амьтны ферм

Сүүлд нэмэгдсэн

Бүгд

ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД

Нийтлэгч Интерном

2024/04/02

Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.