Интерном
2022.08.03 · 7 мин

АНИТА ФААРНИ: ХҮҮХДЭД ЧИХЭР БИШ НОМ БЭЛЭГЛЭЖ БАЙГААРАЙ

Анита Фаарни (Anita Fahrni) нь 1998 оноос Монголын дунд болон их дээд сургуулиудтай нягт хамтран ажиллаж иржээ. Түүний санаачилсан гадаад хэл, багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөр хоёр зуу орчим монгол оюутныг Швейцарь улсад сургаж, зуун тавин багшийг Герман болон Англи хэл заалгахаар Монгол дахь институциудад илгээгээд байна. Түүний Монгол улсад илгээсэн сургалтын хэрэглэгдэхүүн 25 контейнэр, ном сурах бичиг таван зуун мянга гаруйгаар тоологдоно. Анита Монгол улсын их сургууль болон Ховд их сургуулийн хүндэд доктор бөгөөд 2015 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар алтан гадас одонгоор шагнагджээ.Тэрбээр АНУ-д төрж, баклаврын зэргээ хамгаалсан ч, өнгөрсөн тавь гаруй жилийн турш Швейцарь улсад ажиллаж, амьдарч байна.

Таны ажил мэргэжил, эх орондоо хийж ирсэн зүйлсийн талаар улам дэлгэрүүлж асуумаар санагдлаа?

Би АНУ-д төрсөн. Миний хувьд олон улс үндэстний найз нөхөдтэй, олон оронтой харилцаа холбоо сайтай гэр бүлд төрсөн нь завшаан байлаа. Аав маань их сургуулийн багш, ээж маань дунд сургуульд багшилдаг байв. Хоёр ах маань мөн л боловсролын салбарын хүмүүс. Миний хувьд Франц хэл, утга зохиолын мэргэжлээр их сургуулиа дүүргэсний дараа Тайвань улсын Дунхай их сургуульд (Tunghai University) хоёр жил багшлахдаа Ази тивийг сонирхож эхэлсэн юм. Дараахан нь Швейцар хүнтэй гэрлэж 1970 онд Швейцар руу нүүгээд, тэндээ төвхнөсөн. Тэндээ хоёр охиноо төрүүлж өсгөхдөө улс төрийн бодлого, зохицуулалтын ажилд идэвхтэй оролцож байсан учир хууль тогтоох байгууллагын гишүүнээр ажиллах боломж олдож байлаа. Тухайн үед олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагуудтай харилцаа холбоо сайтай ажилладаг байв. Үүнийг маань Азийн сангийн Улаанбаатар дахь анхны удирдлага, найз Шелдон Северинхаус (Sheldon Severinghaus) анзаарч, Монгол эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцах санал тавьснаар 1998 онд Монгол орныг зорьж байв. Энэ явдал Монголын боловсролын салбарт хичээл зүтгэл гарган ажиллах 24 жилийн маань эхлэл болсон.

Таны бичсэн ном бүр арван мянган хувь хэвлэгдэж, хүүхдүүдэд чин сэтгэлийн бэлэг болон очдог. Ямар учраас анх Монголын хүүхдүүдэд зориулж ном бичихээр шийдсэн юм бэ?

Өнгөрсөн хугацаанд миний бие Герман хэл судлаач монгол оюутнуудыг Швейцар улсад нэг жилийн хугацаатайгаар суралцуулах солилцооны хөтөлбөрийг санаачлан нийт 108 оюутныг суралцуулж, мөн 45 оюутныг Герман, Англи хэлний багшаар мэргэшүүлэх нэмэлт гурван сарын хөтөлбөрт хамруулжээ. Мөн Монгол дахь сургалтын байгууллагуудад зуун тавь гаруй багшийг Англи, Герман хэл заалгахаар илгээсэн байна. Энэ харилцан холбоо маань намайг Олон улсын Тахь группийн удирдах зөвлөлийн гишүүн болох хүртэл түлхэц болжээ. Тахь групп нь Их Говийн дархан цаазат Б бүсэд зэрлэг адууг дахин нутагшуулсан бөгөөд одоо ч тухайн бүс нутгийн менежментийн баг, албан хаагчдыг дэмжин ажилладаг Швейцарын байгууллага юм. Энэ ажлын хүрээнд тухайн онцгой бүс нутгийг хайрлан хамгаалах тухай хүүхдүүдэд зориулсан зохиол бүтээлтэй болох шаардлага гарсан учир анх “Туяагийн аялал” номыг бичиж байв.

“Туяагийн аялал”, “Пүүжээгийн хүсэл” зэрэг таны бичсэн номууд Монгол хүүхдийн тухай өгүүлдэг. Удахгүй арав дахь ном тань гарах гэж байна. Та номуудынхаа санааг Монгол дахь бодит амьдралаас сэдэвлэдэг үү?

Хүүхдүүдэд зориулсан богино хэмжээний зохиол бичих нь надад таалагдаж, үргэлжлүүлэн дараагийн зохиолуудаа бичээд зогсохгүй мэргэжлийн зураачидтай хамтран ажиллах болов. Сүүлчийн 20 гаруй жилийн турш жил бүр сарын хугацаатай монголд ирж байна. Ингэхдээ жуулчны хуваарь биш, харин олон сургууль, ТББ болон өөр байгууллагуудтай хамтран Монгол дахь амьдрал, баяр жаргал, сорилт бэрхшээлүүдийн талаар тодорхой ойлголттой болж ирсэн. Тиймээс зохиосон түүхүүдээрээ дамжуулан би уншигчдаа өөрийн амьдарч буй нийгмийн тухай, энэ нийгэмд тохиох боломж завшаан, өөр өөрсдийн үйлдэл хандлагын тухай эргэцүүлж үзэхийг уриалдаг гэх үү дээ. Уншигчдадаа би англи, монгол хэл дээр сонирхолтой түүх өгүүлэхийн хажуугаар гэр бүлийн хүчирхийлэл, архины хамаарал, шударга бус явдал, авлига, багшлах арга барил, байгаль орчны хамгаалал зэргийн тухай хоорондоо ярилцаж, хэлэлцэх боломж нөхцөл бүрдүүлж өгөхийг хүсдэг. Учир нь эдгээр асуудлууд бол Монголын өнөөгийн амьдрал, нийгмийн нэгээхэн хэсэг болоод байна.

Таны номууд уламжлалт соёл, ёс заншил, сайхан төгсгөлөөс илүүтэй, орчин үеийн амьдралын тухай, тэр дундаа орчин үеийн амьдралын асуудлуудын тухай өгүүлдэг.  Бидний хүүхдүүддээ уншуулж дадсан номуудын агуулгаас огт өөр гэхэд буруудахгүй. Номуудыг тань уншиж үзээд хүүхдүүдэд маань дутагдаж байсан өнцөг юм болов уу гэх бодол төрсөн. Эдгээр сэдвээр бичих болсон шалтгаанаасаа дурдвал?

Унших гэдэг хүүхэд бүр эзэмших ёстой чадвараас гадна хүүхэд бүр эдлэх эрхтэй баяр баясал юм. Харамсалтай нь Монголын нөхцөлд хүүхэд бүр номтой байх, номын сангаар үйлчлүүлэх боломж хомс байна. Мөн хүүхдүүдийн өөрсдийнх нь амьдрал, тулгамддаг асуудлуудынх нь талаар тусган бичсэн ном цөөн. Монгол хүүхдүүд тавдугаар ангиасаа эхлэн англи хэл сурч эхэлдэг ч суралцахад нь дэмжих унших материал, англи ном хомс. Миний номууд тус бүр 10 мянган хувь хэвлэгдэж, зургаан аймгийн сурагчдад үнэ төлбөргүй тараагддаг. Эдгээр номууд бол сурагчдын өмч юм. Мөн номууд ардаа давхар монгол орчуулгатайгаа гардаг учир сурагчдын гэр бүл, англиар уншиж ойлгодоггүй хүмүүс ч уншиж, сонирхох боломжтой.

Монгол улсын хүн амын тал шахам хувь нь Улаанбаатар хотод амьдардаг. Харин таны номын гол дүрүүд ихэвчлэн хөдөө орон нутагт амьдардаг. Мөн ихэнх нь эмэгтэй. Яагаад ийм байдгийг асууж болох уу?

Тийм ээ, ихэнх номын маань сэдэв Улаанбаатар ба хөдөө орон нутаг дахь амьдралын ялгаатай байдлын талаар өгүүлдэг. Одоогоор хэвлэгдэн гараад байгаа зургаан номын маань дөрөв нь эмэгтэй гол дүртэй. Би эмэгтэйчүүдтэй түлхүү ажиллаж ирсэн учраас охидын мэдрэмжийг төсөөлөх, дүрслэх нь надад илүү ойр буудаг байх л даа.

Таны номын зургууд монгол уншигчдад нэлээд шинэлэг өнгө аясыг мэдрүүлдэг. Уншигчдаасаа номын зургуудтай холбоотой ямар нэг санал бодол сонсож байв уу?

Монгол хүүхэд залууст зориулсан номуудын олонх нь орчин үеийн гэхээс илүүтэй үндэсний уламжлалт хэв маяг давамгайлсан зургуудтай. Миний бодлоор номын зургуудын ихэнх нь домог, шидэт үлгэрийн хуучин хэв маягаас гарч чадахгүй байгаа юм шиг санагддаг. Миний номуудын үйл явдал, агуулга ихэвчлэн өнөөгийн амьдрал, өнөөдрийн сургууль, гудамж талбайд өрнөдөг. Тийм учраас зургууд нь ч бас агуулгадаа нийцсэн орчин үеийн хэв маягтай байх хэрэгтэй гэж үздэг. Надад бол номын хуудаснууд гоё ганган харагдахаас илүүтэй онцгой, өөр харагдах нь л чухал. Эхэндээ надтай ойр, зохиолоо ижил нүдээр харж, амархан ойлголцдог уран бүтээлчидтэй ажиллах нь дөхөм санагддаг байсан ч одоо бол монгол зураачидтай хамтран ажиллаж байгаа.

Монгол хүүхдүүдийн хүртэж уншдаг номуудын талаар тодорхой ойлголттой байгаа тань гарцаагүй. Бидний сонгож, хүүхдүүддээ уншуулдаг номуудын талаар та юу хэлэх вэ?

Уншина гэдэг туйлын чухал. Учир нь ерөөс суралцахуйн үндэс юм шүү дээ. Түүнчлэн, хүүхдийн ч тэр, насанд хүрсэн хүний ч гэсэн уншиж байгаа зүйл нь сэтгэл догдлуулам байх ёстой. Агуулга нь уншигчийнхаа мэдлэгийг тэлж чадахуйц, тухайн сэдвээ эргэцүүлэн бодоход хүргэхүйц үнэ цэнтэй байгаад зогсохгүй сонирхолтой, зугаатай байх ёстой. Ямар ч ач холбогдолгүй, хэрэггүй зохиол байвал уншсаны гарз шүү дээ.

Та номууддаа сээтэгнэл, ЛГБТ асуудал, авлига зэрэг монгол хүүхдүүдийн ихэнхэд нь төдийлөн танил бус, хол хөндий ч гэмээр сэдвүүдийг хөндөж бичсэн байдаг. Манай нийгэмд эдгээр зүйлс байхгүй гэж хэлэх гэсэн юм биш. Байдаг ч гэлээ бид эдгээр зүйлсийн талаар хүүхдүүдтэйгээ ярилцах нь ховор. Магадгүй тийм ч учраас та бидэнд ярилцах боломж гаргахын тулд эдгээр сэдвийг сонгодог юм болов уу?

Бусад улс орнуудын л адил Монгол улс нэг нийгэм болохын хувьд өөрийн гэсэн асуудлуудтай. Гэхдээ хэрвээ хүмүүс тэдгээр асуудлын талаар мэддэг, нээлтэй ярилцдаг, хамтарч ажилладаг байвал эдгээр нь шийдэгдэх боломжтой юм. Миний зохиолууд уншигчдадаа шударга бус харилцаа, авлига, хүчирхийлэл, гадуурхалтын тухай илүү таниулахаас гадна гарц гаргалгаа хайж олоход нь туслаасай гэж би найддаг. Хамтран ажиллаж чадвал бид эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг сайжруулж, дээшлүүлэх арга замыг олж чадна шүү дээ.

Сүүлийн хоёр жилийн хөл хориотой хугацааг эс тооцвол та Монголд жил бүр иржээ. Монгол хүүхдийн хөгжил төлөвшилд эерэг өөрчлөлт гарч байгаа эсэхийг ажигласнаа хуваалцаач. Цаг хугацаа өнгөрөх тусам сайжирч байна уу, эсвэл илүү хурдацтай өөрчлөлтүүдийг авчрах арга хэмжээ авах шаардлагатай юу?

Өөрчлөлтөд цаг хугацаа ихээхэн шаардагддаг. Ялангуяа хүмүүсийн оюун санааны өөрчлөлтөд. Жил өнгөрөх тутам Монголд эерэг сайн өөрчлөлтүүд гарч байгааг би илхэн хардаг. Одоо ч олон хүн хогоо хогийн саванд зохистойгоор ангилан ялгаж хаядаггүй ч гэлээ байгаль орчноо хамгаалахын чухлыг, мод тарихаас гадна арчлан ургуулах шаардлагатайг ихэнх нь ойлгодог болсон. Харин хүүхдэдээ их хэмжээгээр чихэр өгч, эрүүл хооллолтын зуршилд анхаарал маш бага хандуулж буй нь одоо ч намайг гайхшируулдаг хэвээр. Гэхдээ л боловсролын чанарыг дээшлүүлэх алхмууд хийгдэж байна. Багш нарын цалин хөлсний өөрчлөлт зөв зүгтээ хандсан. Тавиас жаран хүүхэдтэй ангид хичээл заана гэдэг амаргүй ажил шүү дээ. Ерөнхийдөө багш нарыг чадавхжуулах, ингэхдээ заах арга барил болон агуулгын аль алинд нь өөрчлөлт хийх ёстой гэж хардаг.

Та хэдхэн хоногийн өмнө ЕБС-ийн сургуулийн хэсэг сурагчидтай уулзсан. Энэ уулзалтынхаа талаар дурдвал? Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад сурагчдын харилцаа, ялангуяа англиар харилцах чадварт өөрчлөлт гарч уу?

Миний ажигласнаар хүүхдүүдийн англи хэлний чадвар нь тэд хаана хэнээр заалгаснаас шалтгаалаад маш их ялгаатай байна. Багш нарын олонх нь сурагчдадаа харилцааны чадвар заахад хангалтгүй хэмжээний англи хэлний чадвартай байна. Улсын ба хувийн сургуулиудын чанар хоорондоо хэтэрхий хол зөрүүтэй байгаа нь харамсалтай. Энэ зөрүүг ойртуулах арга хэмжээ авахгүй бол цаашид улам л томорч, ерөнхий зургаар харвал эцэстээ Монголын боловсролын тогтолцоонд учрах томоохон хохирол болж болзошгүй санагдана.

Монгол хүүхдүүдийн унших дадлын тухай та юу хэлэх вэ? Жишээ нь АНУ ч юм уу Швейцартай харьцуулан тайлбарлавал илүү ойлгомжтой болох болов уу.

Ер нь унших гэдэг нь хүүхдүүдийг сургуулийн бэлтгэл ангид хамрагдаж эхлэхээс бүр өмнө, маш бага насанд нь эхлэх ёстой дадал юм. Олон оронд аав ээжүүд хүүхдэдээ орой бүр орондоо ормогц нь ном уншиж өгдөг. Энэ дадал бол ямар ч зурагт, гар утсаар орлуулах боломжгүй, хамтдаа өнгөрүүлдэг амар тайван цаг хугацаа юм. Мөн мэдээж хүүхдэд номыг таниулах чухал үйл явц. Монголд номгүй айл гэр олон байхыг анзаарсан. Миний зүгээс айлд зочлохдоо хүүхдэд нь амттан барьж орохын оронд ном авч очихыг санал болгох байна. Монгол хүүхдүүдийн шүд чихрээс болж сүйдэж байгаа. Энэ бол ноцтой асуудал юм. Хүүхдэд чихэр биш ном өгч байгаарай. Ном хүүхдийн оюун ухаанд төдийгүй шүдэнд ч мөн ээлтэй шүү.

Тантай ажиллах хугацаандаа таны амьдрал, ажил үйлстээ хандах хандлага, хүсэл тэмүүлэл Монгол хүнийхээс огт өөр байгааг анзаарсан юм. Бүдүүлэг сонсогдож мэдэх ч ирэх жил 80 нас хүрэх гэж байгаа хэр нь л та гадны орны хүүхдүүдийн төлөө сайн дураараа шаргуу хичээн ажиллаж байна. Харин Монголд 80 настай, зарим 50-60 настай хүмүүс ч гэртээ амрахыг илүүд үзэх нь олонтоо. Харьцуулан харвал бид нэгийг бодох ёстой юм шиг. Таныг сонгосон үйл хэрэгтээ яаж ийм үнэнчээр, дурлаж ажилладагийг сонирхмоор байна. Хүүхдүүдээ ийм болгож өсгөхийн тулд бид юу хийж чадах вэ?

Надад АНУ, Швейцар гээд аль алинд нь аж төрөх завшаан олдсон. Хүүхдүүдээ өсгөж байх хугацаандаа заавал ажил хийх шаардлага тулгарч байсангүй. Тиймээс төрийн байгууллагад хандаж, олон хэлбэрээр сайн дурын ажил хийх боломжтой байлаа. Монголд анх удаа ирэх үед хүүхдүүд маань хэдийнээ насанд хүрч, биеэ даацгаасан байсан. Мөн гэрлэлтээ цуцлуулчхаад байсан тул сонирхол татсан үйл ажиллагаанууддаа чөлөөтэй оролцох боломжтой байв. Багш хүний хувьд сурагчдыг сониуч байлгах нь тун чухал. Хүн сониуч, сурах хүсэлтэй, шинэ зүйлсийг оролдож үзэх, нийтийн зорилгын төлөө тэмцэхэд бэлэн байна гэдэг гайхалтай сонирхолтой амьдарч байна гэсэн үг юм. Бидний амьдралд шинэ зүйлд суралцах, бусадтай танилцах, бүтээлч байх, бусдад туслах боломжууд үргэлж олддог. Гэртээ уйдаж сууснаас хамаагүй урамтай шүү дээ. Тэрхүү сониучирхал, шинэ ажил, адал явдалд нээлттэй байдал, мөн заримдаа шаргуу хөдөлмөрч байдал бол хүүхэд байхаас эхлэн хөгжүүлэх шаардлагатай чанарууд юм. Миний насан дээр аялна гэхээр ядардаг болж буйгаа би хүлээн зөвшөөрнө. Тийм хэдий ч Монголд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд маань надад асар их урам өгдөг юм шүү дээ.

Сүүлд нэмэгдсэн

Бүгд

ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД

Нийтлэгч Интерном

2024/04/02

Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.