Интерном
2023.03.11 · 6 мин

Бидний доторх гэрэл номд Мишель Обамагийн онцолсон санаанууд

АНУ-ын тэргүүн хатагтай асан, Becoming – Миний түүх, Бидний доторх гэрэл номын зохиогч Мишель Обамагийн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна.

Таны Becoming – Миний түүх дуртгал ном дэлхий дахины уншигчдын хүртээл болсон билээ. Энэ ном тань амжилтад хүрсний дараагаар хэрхэн Бидний доторх гэрэл номоо бичих сэдлийг олсон бэ?

Becoming - Миний түүх ном маань анх дөрвөн жилийн өмнө уншигчдын гарт очжээ. Тэр цаг үеэс хойш бид хэн хүнгүй маш их зүйлийг туулж давлаа. Бид цар тахлын улмаас хайртай дотнын нэгнээ алдаж, бас ч үгүй нэлээд цаг хугацааг тусгаарлагдан өнгөрүүлсэн. Үзэн ядалт, бусад улсынхныг үзэн ядах сэтгэлгээ, эзэрхэг түрэмгий ёс дэлхий даяар түрлэг адил давлагаалахыг бид өөрсдийн нүдээр харлаа шүү дээ. Уур амьсгалын өөрчлөлт ч хурдацтай явагдаж, хор хөнөөлийг нь ч бид өөрсдийн биеэр мэдэрч байна. Энэ бүхэн одоо ч мэдээ мэдээллийн гол сэдэв хэвээр буй.

Тодорхойгүй байдал, айдсаа даван туулахын тулд оюун санаагаа төвлөрүүлэх хэрэгтэй болсон ба энэ үед л анх уг номоо бичих сэдэл төрсөн. Ингэж л би хүмүүсийн Zoom-ээр ч, биечлэн уулзахдаа ч асуудаг болон өнгөрсөн хэдэн жилийн турш өөрөөсөө ахин дахин асууж байсан асуултууддаа хариулт олсон юм.

Бидний доторх гэрэл номдоо намайг сэтгэл санааны хувьд тэнцвэртэй, өөртөө итгэлтэй болгодог, ялангуяа сэтгэл зовнисон, бухимдсан үед их хэрэг болдог дадал зуршлаа мөн өөрийн харах өнцгийг хуваалцсан. Ашиглаж буй зарим арга хэрэгсэл маань өөртөө хэвшүүлж дадсан зуршил байдаг бол зарим нь гарт баригдахуйц бодитой эд агуурс байдаг. Энэ бүхний цаана миний туулсан амьдралын замнал, түүнээс үлдсэн туршлага, “бий болох” үйл явцаас урган гарсан хандлага, итгэл үнэмшил маань бий.

Таны удаах Бидний доторх гэрэл номын нэр таны хувьд ямар утга учиртай вэ?

Хэн нэгэнд дэлхий ертөнц харанхуйлах шиг, бүх зүйл тодорхойлохын аргагүй учир битүүлэг санагдах үед өөрийн дотоод гэрлээ бадрааж, нэг нэгэнтэйгээ хуваалцах нь ямар их ач тустай болохыг сануулах үүднээс энэ нэрийг сонгосон. Өөрийн дотоод гэрлийг танина гэдэг нь юу таныг өөд нь татаж, аз жаргал, баяр баясгалантай болгодгийг ойлгох юм. Дотоод гэрлээ олж анзаарснаар өөрийгөө таньж мэддэг болохыг би сүүлийн хэдэн жилийн хугацаанд ухаарсан. Та өөрийн түүхээ элдэв хэтрүүлэггүй чин үнэнээр нь ойлгож сэхээрнэ гэсэн үг. Ингэснээр таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, улмаар бусадтай утга учиртай харилцаа холбоо тогтоох чадвар тань ч ахина. Нэг нэгэндээ гэрэл дамжуулснаар мэдээж биднээр зогсохгүй цаашид ч илүү олон хүнд гайхалтай, хүчирхэг зүйлсийг түгээх болно.

Та яриандаа бид дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, улам бүр гаарч буй бусад улсынхныг үзэн ядах буруу үзэл санаа, үзэн ядалттай тулгарч буйг, мөн бидний амьдарч буй дэлхий ертөнц улам л тодорхойгүй, тогтворгүй болж буйг дурдсан. Та өөрөө ийм цаг үед тэнцвэртэй, тайван байхдаа ямар арга ашигладаг вэ?

Жишээ дурдъя гэвэл би нэхмэл хийж сурсан. Цар тахал дэгдээд удаагүй байхад би итгэл найдвараа алдахгүйг л маш их хичээж байлаа. Тэр үед анх юм нэхэж эхэлсэн юм. Одоо намайг дандаа л гартаа нэхмэлийн зүү барьсан байхтай таарах болов уу. Юм нэхэх нь стресс, санаа зовнилоос завсарлага авах боломжтой орон зайг бий болгож, өөрчлөлтийн төлөө арай жижиг зүйлс дээр төвлөрөхөд тусалдаг.

Энэ бол өөртөө бий болгосон арга хэрэгслийн нэг бодит жишээ нь. Надад нэмэр болдог бусад арга хэрэгсэл бол амьдралдаа арай баримтлууштай зүйлс байдаг л даа. Жишээлбэл, би найз нөхдөөсөө (миний нэрлэдгээр “Гал тогооны ширээ”) дэм авахаар тэдэндээ их ханддаг. Цар тахал дэгдсэнээр найзуудтайгаа кофе ууж ярилцах, бүсгүйчүүдийн үдэшлэг зохиох боломжгүй болж, гагцхүү мессеж бичиж, утсаар ярих юм уу Zoom-ээр уулзалдах болсон ч та цөөхөн хэдэн найз нөхөдтэй байхад л амьдралд маш олон зүйлийг даван туулж чадна гэдэгт би итгэдэг. Би үргэлж нөхөрлөлдөө их анхаарал хандуулдаг байсан. Гэхдээ иймэрхүү өдрүүдэд найзууддаа бүр ч их талархмаар байна. Зөвхөн тэдний л гаргадаг царайны хувирал, яг хэрэгтэй үед өгдөг халуун дулаан тэврэлт нь биднийг чухал болохыг мэдрүүлж, дотоод гэрэл гэгээг тань таньж, бидний дуу хоолойг сонсож ойлгодог болохыг харуулж буй юм.

Мэдээж гэрлээд 30 жилийг хамтдаа үдэхэд хэрхэн намайг чадахаараа дэмжиж, яаж тайвшруулахаа мэддэг нөхөртэй байгаа нь азтай хэрэг. Заримдаа тэр өөрөө ч анзаараагүй байхад минь надад юу болоод байгааг мэдэрсэн байдаг. Хамтын амьдрал дангаараа өөрийн амьдралын саад бэрхшээлийг давах арга зам биш. Барак бид хоёр нэг нэгэндээ хангалттай хайр халамж мэдрүүлж, үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлан, хичээж зүтгэвэл хоёр хүн хамтдаа илүү хүчирхэгжиж болохын баталгаа гэж боддог.

Та номдоо хүмүүс өдөр тутамдаа зүй ёсны, бодитой айдастай тулгардгийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй “Бидний шарх бидний айдас болж, улмаар тэрхүү айдас бидний давж чадахгүй хязгаар болдог” гэж бичсэн байсан. Та үүгээр яг юу илэрхийлсэн бэ? Та айдсаа хэрхэн ойлгож, даван туулсан бэ?

Мэдээж эцэг эх маань тэдний аав ээжийн айдас хэрхэн амьдралд нь ул мөрөө үлдээж байгааг харсан биз ээ. Тиймээс эцэг эх маань аль болох биднийг багаасаа айдастайгаа дасан зохицож сурахад тусалсан. Бидний ертөнцийн хүрээг тэлж, өргөн уудам болгоход аль чадахаараа хичээсэн. Би багадаа хүчтэй аадар борооноос айхад аав минь нүргэлсэн дуу чимээ ба аянга цахилгааны цаад учрыг тайлбарлаад, аянгад цохиулахаас зайлсхийж болох амархан аргуудыг зааж өгч билээ. Харин ээж маань аалз, том нохойтой таарахдаа эсвэл ах бид хоёрыг талх шарагчинд жигнэмэг хийгээд шатаачихад хүртэл тайван л байдаг сан.

Ур чадвар ба айдас нь нэг зоосны өөр өөр талууд болохыг тэднээсээ сурсан юм. Бидэнд айдас хэзээ төрж эсвэл хэзээ биднийг доош чангааж буйг анзааран, аймшигтай санагддаг зүйлсийнхээ учрыг олж чадсан. Хүүхэд ахуйд нүргэлэх аянга, олон хүний өмнө ярихад сандрах, захирлаасаа цалин нэмүүлэхээр асуухдаа санаа зовж, хамтрагчтайгаа ярилцахад бэрх зүйлсийг хэлэхдээ бэлдэхэд төрдөг айдас гэх мэт өөр ер нь юу ч байсан энэ бүх айдас бодитой шүү дээ.  Энэ айдсууд огт бодит бус, айдсаа үл тоох амархан гэсэн үг биш ээ. Харин ч айдсыг бодит, зүй ёсны учир шалтгаантайг эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой юм. Ингэснээр бид цааш явах илүү бүтээлч хийгээд ашигтай арга замыг олно.

Та мөн номдоо “анзаарагдахын” ач холбогдлыг бичсэн байсан. Нэг бүлэгт бусдаас өөр байснаараа эсвэл онцлог талаа харуулах төлөөлөл болсноороо харин ч үл тоогдох болдог талаар өгүүлсэн байна лээ. Өөр нэг бүлэгт өөрийгөө сул талтайгаа цугт нь хүлээн зөвшөөрч, өөрийн бүтэн түүхээ бусадтай хуваалцаж сурах нь [бидний] давуу талыг тодруулдаг гэж бичсэн. Тэгвэл та үл тоогдсон мэт мэдрэмж авдаг хүмүүст өөрийн давуу талаа нээн харуулахад нь туслах ямар зөвлөгөө өгөх вэ?

Бидний сул тал гэж боддог зүйлс үнэндээ бидний давуу тал байдаг гэдэгт би итгэдэг. Үүгээр юу хэлэх гэснээ жишээгээр тайлбарлая. Хүнд хэцүү нөхцөл байдалд өсөн торниж буй хүүхдүүдтэй уулзахад тэдний эцэг эх нь орхин одсон тухай, танхай бүлэглэлээс үзүүлэх хүчирхийлэл болон боломж хомс учраас итгэл найдвар тасрах гэх мэт өдөр тутамд нь тохиолддог асуудал бэрхшээлээ хуваалцдаг. Би тэдэнд хандаж хэлдэг зүйл бол өмнө нь айдсын талаар дурдсантай яг адилхан. Даван туулж байгаа зүйлээ ахин нэг анзаарвал өөр нэг харах өнцөг гарч ирдэг. Мөн тууштай байдал, өөртөө итгэх итгэл, аливааг даван туулах сэтгэлийн хат гэх мэт үе тэнгийнхнийх нь өрсөлдөж чадахааргүй бүхий л төрлийн ур чадвар, туршлагыг олж харах болно.

Энэ бол бид бүгд амьдралдаа хэрэгжүүлж болох дадал мөн. Хэрэв бид үл тоогдож буй мэт санагдвал эсвэл бидэнд ямар нэг зүйл дутагдаж байна гэж бодогдвол тэрхүү нөмөр нөөлөг, өмөг түшиггүй мэт  байдлын цаана магад ямар нэгэн онцгой зүйл байж таарна. Бид сэтгэлийн гэмтэл шархнаасаа хэрхэн эдгэрч дээрдэхийг сурах болно. Хоосрох мэт мэдрэмж  үнэндээ юу биднийг бүрэн бүтэн болгодгийг зааж өгдөг. Хангалттай урдаа тавьсан зорилготой, бусадтай нээлттэй байвал өөртөө итгэлгүй байдал тань аяндаа өөртөө итгэлтэй болох замд орно. Эдгээр нь тийм ч сонсогдох шигээ амар аялал биш тул аль болох бүү алдаарай. Гэхдээ бидний сул тал яваандаа давуу тал болж хувирдаг гэх үнэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөрөөр биднийг улам хурцалж, хүчирхэгжүүлэх зүйл гэж үгүй л болов уу.

Бид хүн бүрийн тээж явдаг дотоод гэрлээр та юу илэрхийлэх гэснийг ярилцлаа. Тэгвэл бид ямар аргаар өөрсдийн тээж яваа гэрлээ эргэн тойрон, бусадтай хуваалцах вэ?

Та бусдаас ялгарахын тулд ямар нэгэн онцгой, том зүйл хийх албагүй гэдгийг санах нь чухал. Саналаа өгч, хөршдөө туслан, өөрийн итгэл үнэмшилтэй ямар нэгэн зүйлд цаг зав, эрч хүчээ зориулах гэх мэт жижиг жижигхэн үйлдэлд маш их хүч чадал оршдог. Эдгээр жижиг үйлдлүүдийг дадал зуршил болгож хэвшүүлэх нь гагцхүү таны эргэн тойронд л тустай зүйл биш юм. Үүний ачаар та бусдад  анзаарагдан, илүү утга учиртай харилцаа холбоо үүсгэх мөн урдаа тавьсан зорилгоо биелүүлэхэд тань туслах болно. Бид өөрсдийн дотоод гэрэл гэгээг гадагш чиглүүлэхэд эргээд бидэн дээр сайнаар тусаж буйг та анзаарна.

Та Бидний доторх гэрэл номоос уншигчид юу олж аваасай гэж хүсэж байна?

Би уг номоо эргэлзэл дүүрэн, хүнд хэцүү тодорхойгүй цагийг туулж яваа хэн бүхэнд туслах хайрцаг дүүрэн арга хэрэгсэлтэй зүйрлэмээр байна. Мэдээж энэ номд байгаа юм бүхэн хүн хүний туулж яваа сорилтод таарч тохирохгүй л дээ. Гэвч хүмүүс энэ номыг уншсанаараа цор ганцаараа л ийн мэдэрч байгаа мэт хөндүүр нь бага ч атугай намдаасай гэж би хүсэж байна. Айдас түгшүүр, саад тотгор зөвхөн тэдэнд л тохиогоод байгаа бус Тэргүүн хатагтай байсан ч бид бүгдээрээ л тодорхойгүй цаг үеийг туулж явааг ойлгоосой гэж би хүснэ. Бидний амьдралын замд юу ч тохиосон бай тэр бүгдийг хүлээж авах нь бидний тэнцвэрийг хадгалж, аюулгүй байж, бусадтай утга учиртай харилцаа холбоо үүсгэхэд тусална гэдэгт би итгэдэг. Тийнхүү замдаа учирсан хүмүүс, олдсон боломжууддаа илүү талархалтай хандана гэж найдаж байна.

Сүүлд нэмэгдсэн

Бүгд

Санта Бертийн түүх

Нийтлэгч Интерном

2022/12/08

Би өөрийн туслах цасан охины хамт энэ хотын бүх Интерном дэлгүүрээр ээлжлэн зочлохоор шийдлээ. Бид хоёртой уулзахаар номын дэлгүүрт ирвэл чинь хамтдаа баяр хөөр, нөхөрлөл бүтээцгээе. Бүгдээрээ хамт ном хэрхэн мөрөөдлийг амьдруулж, хүсэл биелүүлдгийг харах үнэхээр хөгжилтэй, сайхан байх байх даа...