Интерном
2022.11.12 · 5 мин

Казүо Ишигүро: Технологийн дэвшлээс болж сүйрчихгүйн тулд бид нийгмийг өөрөөр зохион байгуулах шаардлагатай болно.

Клара, Нар хоёр ном уншигчаасаа нэг асуулт асуудаг. Та роботыг хайрлах уу? Шууд хариулахад төвөгтэй л асуулт. Гэхдээ номын хамгийн арын хуудасны буланг чимхэж суухдаа та “Тийм” гэж эргэлзээгүй хариулах вий.

Энэ бол зөвхөн роботын тухай өгүүлсэн бус, харин робот өөрөө өгүүлсэн, өөрөөр хэлбэл, аливааг түүний өнцгөөс харсан зохиол.

Клара гэдэг нь ХОУН буюу хиймэл оюун ухаант найз. Үл мэдэгдэх өвчнөөр шаналж буй 14 настай Жози охины найз. Үнэнч, найрсаг, хэн нэгний төлөө ямар ч хүнд бэрхийг даваад гарч ирэх найз. Өөрийнх нь тодорхойлсноор түүний үүрэг бол Жозиг ганцаардлаас сэргийлж, сайн найз нь байх.

Хүн ер нь юу гэдгээс нь үл хамааран аливаа сайн сайханд хэчнээн хайртай, дуртай байдаг билээ, Клараг уншигчид маань тэгж л хайрлах нь гарцаагүй. Хүүхэд ахуй насандаа чихмэл бамбарууш, хүүхэлдэйгээ, дуртай зохиолынхоо дүрийг хэрхэн нандигнадаг байсан, тэгж л нандигнахаас аргагүй. Учир нь Клара бол зохиолын дүр, хүн төрхт хүүхэлдэй, мөн уншигчдын сэтгэлийг хөдөлгөх үг, үсэг, өгүүлбэрийн нийлбэр. Уншигч хүн уншиж буй зохиолдоо орж, итгэж, үнэмшиж байж л таашаал авдаг. Клара, Нар хоёр энэ чанарыг маш чадварлагаар ашиглаж чадсан зохиол. Уншигчийг зөвхөн Кларад ч биш, бүр Наранд ч итгүүлэх увидастай бүтээл.

Зохиолын өрнөх орчин ерөнхийдөө 2005 онд хэвлэгдэж байсан Ишигүро Казүогийн Намайг бүү явуулаач зохиолтой нь төстэй. Эл хоёр зохиолын үйл явдал хоёулаа одоогийнхоос бараг ялгарах юмгүй ойрын ирээдүйд өрнөнө. Аль аль нь хүний сэтгэлийг хөндөж, тархийг хөвчлөх “Техник технологийн хөгжил хүн байхын учир утгыг өөрчлөх эсэх” тухай бодлын үр суулгаж орхидог. Хамгийн гол нь Клара, Нар хоёр дээрх сэтгэл эмзэглүүлэм чанар яг л Намайг бүү явуулаач дээр гардаг шиг, юу болоод байгааг гол дүр нь огт мэддэггүйд оршино.

Өдгөө Лондонд амьдарч буй Ишигүро Казүо “Вашингтон Пост” сонинд шинэ зохиол, Нобелийн шагнал, аав байх тухай, цар тахлын үед хэрхэн амьдарч байгаа талаараа хуучилжээ.

Вашингтон Пост: “Клара, Нар хоёр”-ыг уншиж суухад таны өмнөх зохиолууд бодогдож байлаа. Таны зохиолуудыг нэгтгэдэг, мэдрүүлдэг, хүн төрөлхтний оршин тогтнох боломжийг хамгаалах гэсэн, ямар ч байр суурь байлаа, тэр байр сууриндаа байх хүний эрх, хүмүүний оршил гэдэг дэмий үрчхэж боломгүй утга учиртайг батлах гэсэн далдхан санаа гээд бүгд л сэтгэл дотор минь ассаар, амтагдсаар дууссан шүү. “Өдрөөс үлдсэн зүйл”-ийн даамлыг, “Намайг бүү явуулаач”-ийн клонуудыг ХОУН Кларатай хамт өөрийн эрхгүй хайрлаж суулаа. Таны зохиолууд ийм санааг ойр, ойрхон өгүүлээд байдаг нь ямар учиртай юм бэ? Эсвэл, та өөрөө л энэ санааг дахин дахин хөндөхийг зориод байна уу?

Казүо Ишигүро: Тийм ээ, та зөв ойлгожээ. Арай өөр, өөр өнцгөөс л болохоос би нэг санаагаа дахин дахин хөндөөд байгаа хэрэг. Хүн гэж чухамдаа юу вэ гэдгийг сонирхон бодож, эргэцүүлдэгтээ ч биш, яаж ч буруудаж, будилсан хүн гэдэг амьтныг би өөрийн эрхгүй л хайрлаж, бишрээд байдагтаа л ингэдэг юм. Бид чинь үхэр, хонь, өөр юу ч юм, биш шүү дээ. Зүгээр ам руугаа хоол хийгээд л, өсөж, үржиж аваад л үхчихдэг амьтад биш. Ийм болохоор нь л би хүн төрөлхтөнд хайртай байдаг юм.
Бид үргэлж л өөрсдөөсөө “Би ер нь хэн нэгэнд тус нэмэртэй байна уу? Би ер нь сайн байж чадав уу...?” гэх мэтээр асууж байдаг юм шиг. Тэр ч байтугай, би, гэмт хэрэгтэй байлаа ч өөрөөсөө “Би ер нь ‘сайн’ гэмт хэрэгтэн байв уу? “Ядаж л өөрийн бүлэглэлд үнэнч байж чадав уу” гэж асуух жишээтэй. Хүн төрөлхтөн гэдэг чинь ийм л амьтад шүү дээ. Юу ч хийсэн түүнийгээ сайн хийхийг хүсдэг. Зөвхөн ажил мэргэжлийн хүрээнд ч биш, эцэг, эх байх, ах, дүү байх, найз нөхөр байх, хань ижил байхыгаа ч аль болох сайн байлгахыг хүсдэг амьтад.

В: Амьгүй технологи, амьд хүмүүсийг хамтад нь дүрсэлж, байгаль дэлхий, хүний нийгмийг зөв ойлгохоор хичээж буй роботын тухай өгүүлэх яггүй байж таарна. Та ер нь сүүлийн үед хиймэл оюун ухааныг их сонирхоо юу? Технологийн хөгжлөөс айж байна уу, эсвэл дэмжиж байна уу, эсвэл аль аль нь уу?

К: Хоёулаа л юм шиг. Би сүүлийн үед хиймэл оюун ухаан, генийн инженерчлэл гэх мэт сэдвүүдээр их юм уншиж, тэдгээрийгээ л байнга бодож явдаг боллоо. Ер нь энэ салбарт олон жил татагдаж явна даа. Гэхдээ яг ч ингээд энэ талаараа ном биччихнэ, ийм сэдэв миний ном дээр босоод ирчихнэ чинээ санасангүй явж. Ерөнхийдөө би энэ үсрэнгүй хөгжлөөс их айдаг... гэхдээ тэр аймаар өөрчлөлтийг дагаад наад зах нь анагаах ухааны салбарт маш олон сайн сайхан, гайхалтай дэвшлүүд гарч ирнэ гэж итгэдэг. Мэдээж том том аюул тулгарч, нөгөө айхтар хөгжил дэвшлүүдээсээ болж сөнөчхөлгүй, үр шимийг нь эвтэйхэн хүртээд байхын тулд нийгмийг өөрчлөн зохион байгуулах шаардлагатай байх.

В: “Клара, Нар хоёр” дээр эцэг эхийн харилцааг их тод харуулсан байсан. Аав байх таны зохиол бүтээлд хэр нөлөөлдөг вэ?

К: Аав болоогүй байсан бол ямаршуухан зохиолч байх байснаа би төсөөлж ч чадахгүй. Аав болоход хүний харах өнцөг орвонгоороо эргэчихдэг юм билээ. Сэтгэл хөдлөл, ухаан санаа тэс өөр болж, хорвоо ертөнцийг ч тэс өөр нүдээр хардаг юм байна. Миний бодлоор арай илүү алсыг харж сурдаг шиг байгаа юм. Наад зах нь л гэхэд, зөвхөн өөрийнхөө амьд байх цаг хугацааг биш, үр хүүхдийнхээ, бүр цаашлаад ач хүүгийнхээ, гуч, дөчийнхөө амьдрах үеийг хүртэл боддог юм байна. Амьдралын тухай, оршихуйн тухай, ер нь бүх ойлголт өөрчлөгддөг дөө. Сэтгэлийн хувьд бол, өр нимгэн чанар их суудаг бололтой. Хүүхэдтэй болчихвол ажил алдагдаад хэцүү гэж ярьдаг зохиолчидтой бишгүйдээ л таарч байлаа. Зохиол бичих гэдгийг зүгээр л нам суугаад, аль болох зузаан, олон хуудастай, том бүтээл л гаргаж ирэх гэж боддоггүй л юм бол тэдний хэлдэг үндсэндээ буруу.

В: Хүүхэдтэй болохоор ажлын цаг багасдаг шүү дээ.

К: (Инээв) Урлаг бол амьдралыг хэрхэн мэдэрч буйгаа илэрхийлэх хэлбэр. Хүүхэдгүй зохиолч нар муу ном бичдэг гэж хэлэх гээгүй юм шүү. Олон ч сайн ном зохиол бий. Би зүгээр л хүүхэд бол зохиолчдын ажилд саад болно гээд тойрч, зугтаад байх юм биш л гэх гээд байна.

В: 2017 онд та Нобелийн шагнал авахдаа их гоё үг хэлсэн дээ. Нобелийн шагнал бол хувь хүний, хүн төрөлхтний нийт хичээл зүтгэлд тодорхой хувь нэмэр оруулсны баталгаа гэж. Тэр ер нь юу гэсэн үг байв аа?

К: Ийм том нэр хүнд хүлээж авсных нэг юм хэлмээр байна. Зарим хүн Нобелийн шагналыг бүх салбарын дундаас үнэмлэхүй том нэр хүнд гэж боддог юм билээ. Тэгэхээр, би утга зохиолыг анагаах, физик, хими, мэдээж энх тайвны салбартай хэр дүйцэх салбар юм бол гэж их бодлоо л доо. Бас орчин цагт эдийн засгийн салбарт ч шагнал өгдөг болсон шүү дээ.
Тэгээд, яг адилхан чухал салбар мөн гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэхдээ зарим шөнө янз бүрийн бодол орж ирнэ ээ. Анагаах ухаан байхгүй болчихвол яана аа гэх мэт. Жинхэнэ асуудал тулгарна даа. Шинжлэх ухаан, энх тайван үгүй болчихвол... Тэгэхээр, утга зохиол тэдэнтэй зэрэгцэхүйц чухал гэж үү? Тэр тусмаа түүнийг нь би төлөөлдөг зөв үү? Энэ талаар л олон жил бодсон хэрэг л дээ. Хэрвээ унших гэж үгүй бол, утга зохиол алга болчихвол хүмүүний хоорондоо харилцах маш чухал нэг арга хэрэгсэл байхгүй болно оо доо? Бодит баримтуудын хэчнээн их мэдлэг байгаад хангалттай биш шүү дээ. Сэтгэл, мэдрэмжээ хуваалцах шаардлага зайлшгүй гарч ирнэ. Наад зах нь янз бүрийн нөхцөл байдалд ямаршуухан санаа, сэтгэгдэлтэй байгаагаа нэг, нэгэндээ хэлэх хэрэгтэй биз дээ? Тэгэхгүй л юм бол хэчнээн мэдлэг байгаад яах юм бэ?

Кинонд зориулж ч юм уу, зүгээр л уулзаад нэг нэгэндээ ярих юмаа толгойдоо бодож, найруулж, зохиох нь яах аргагүй хүн төрөлхтний үндсэн шинж чанар, маш чухал хэрэгцээт зүйлсийн нэг. Түүнийг нь байхгүй болгочихвол яаж ч бодсон сайн юманд хүрэхгүй. Ганцаардаж, зовсон хувь хүмүүсийн нийгэм юуг бүтээн байгуулах юм бэ?


Клара, нар хоёр ном нь 11 сарын 22-с цаасан болон цахим хувилбараар худалдаанд гарна.

Сүүлд нэмэгдсэн

Бүгд

ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД

Нийтлэгч Интерном

2024/04/02

Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.