Интерном
2022.10.28 · 5 мин

"Кофе хөрөхөөс өмнө" номын зохиогч КАВАГҮЧИ ТОШИКАЗҮ: БИД ХАРАМСАЛ ГЭХ МЭДРЭМЖЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, УРАГШ ЯВАХ ХЭРЭГТЭЙ

“Монсудар” хэвлэлийн газраас уншигчиддаа зориулж Японы орчин үеийн уран зохиолч Тошиказү Кавагүчигийн “Кофе хөрөхөөс өмнө” бүтээлийг эрхлэн гаргаад удаагүй байгаа билээ. Цаг хугацаагаар аялах тухай сэдэв уншигчдын хувьд үргэлж сонирхолтой сэдэв байсаар ирсэн. Тэгвэл энэхүү зохиолд цаг хугацааг бидний мэдрэмжтэй илүү дөхүүлэн гаргаж иржээ. Ингээд зохиолч  Кавагүчи Тошиказүгийн “Hoobla digital” сэтгүүлд өгсөн сонирхолтой ярилцлагыг хүлээн авч уншина уу.

-Таны дуртай уух зүйл юу вэ? Кофе юу?

- Өө, би мэдээж “Тийм ээ, кофе бол миний хамгийн уух дуртай зүйл” гэж хэлмээр л байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд Япон ногоон цайнд илүү дуртай. Зуны халуунд ч хоолтойгоо хамт халуун ногоон цай уудаг. Багаасаа ууж өссөн болохоор дассан байж магадгүй. Харин кофег дунд ангидаа анх удаа амсаж үзээд төсөөлж байснаас гашуун байсанд их цочирдож билээ. Одоо том болоод кофены үрээ өөрөө хуурч уудаг. Хангалттай сайн гаршиж амжаагүй л байна, хэцүү шүү дээ.

- Энэ романыг бичихэд жүжгийн зохиолч байх тань хэрхэн нөлөөлсөн талаар ярилцъя. Жүжгийн зохиолоос роман бичихэд хэр сорилтыг туулав даа?

-Анх энэ зохиол маань жүжиг болж тайзнаа тавигдахад тухайн үед номын редактор маань жүжиг үзээд намайг үнэлээд зохиол бичихийг санал болгож байсан. “Кофе хөрөхөөс өмнө” миний бичсэн хамгийн анхны роман байсан учраас бусад зохиолчид шиг хараахан боловсроогүй маань мэдрэгдээд, хаанаас, яаж эхлэхээ сайн мэдэхгүй байсан л даа. Гэхдээ жүжгийн зохиолч, найруулагчаар ажилласан маань их нөлөөлсөн. Жүжгээ роман болгож байх явцад би нэг зүйл дээр тун чиг болгоомжтой хандсан. Тайзны жүжиг үзэхэд үзэгчдийн тухыг алдуулж болохгүй шиг романыг унших уншигчиддаа ч тийм мэдрэмж төрүүлэхгүйг хичээсэн. Тэгээд тайзан дээр жүжиглэж байсан жүжигчидийнхээ жүжиглэлтийг дотроо төсөөлсөн. Жүжиг, роман хоёрын илэрхийлэл хоорондоо огт өөр шүү дээ. Тайзны жүжигчид сэтгэл хөдлөл, илэрхийлэмж, жүжиглэлтээрээ тухайн зохиолоо хөтлөдөг бол ном бүтээлд зохиолч өөрийн сэтгэл хөдлөл, төсөөллөө цэвэр өөрийн бичгийн чадвараараа харуулдаг. Өмнө нь дурдсанчлан би урьд нь роман бичиж үзээгүй. Тиймээс ч өөрийнхөө арга барилыг олтлоо их удаан хугацаанд шаналсан. Энэ хугацаанд асуудлынхаа гогцоог олсон нь: би дүр бүрийнхээ цаад учир шалтгааныг илүү харуулах ёстойгоо ойлгосон юм. Эдгээр дүрүүдэд өмнө нь юу тохиолдсон талаар тайзан дээр гаргаж харуулах боломжгүй бол романд дүрүүдийнхээ тухай илүү илэрхийлж бичих боломжтой. Жишээлбэл: Фумико Горо хоёр яаж нэг нэгийгээ мэддэг болсон, Фусаки яагаад сэтгүүлийн ард юм уншаад сууж байдгийг, яагаад Хирай Куми хоёр тус тусдаа өссөн талаар ч юм уу. Эдгээр учир шалтгаануудаар өөрийнхөө түүхийг илүү баяжуулсан.

-Таны энэ бүтээлийг “Japan Times” сэтгүүл Японы уран зохиол дахь “цаг хугацааны аялалын тухай гарын үсэг болж үлдэх зохиол” гэж бичсэнийг уншсан юм. Та өөрийн улсын онцлогийг гаргаж цаг хугацааны аяллын  талаар бичихийг хүссэн үү, эсвэл өөр хүчин зүйл байв уу?

-Би тэр нийтлэлийн талаар мэдээгүй юм байна. Мөн би хэзээ ч японы утга зохиолын цаг хугацааны аяллын гарын үсэг болохоор ном гэж бодож байгаагүй. Сонирхолтой л юм. Би жүжгийн зохиолч, зохиолч хүний хувьд үргэлж л олон нийтэд хүртээмжтэй, ойлгогдохуйц ном бичихийг хүсдэг байсан. Цаг хугацааны аяллын тухай сэдэв зөвхөн Японд ч биш, олон оронд алдартай шүү дээ.

-Дүрүүдийнхээ цаг хугацаагаар буцах болсон дөрвөн шалтгааныг хэрхэн бичсэн талаар тань асуумаар санагдлаа. Эдгээр дүрүүд үнэхээр ямар ч улсын хүн уншсан ойр дотно санагдахаар мэдрэмж төрүүлсэн шүү.

-Би дүрүүдийнхээ өнгөрсөн рүү буцах болсон шалтгааныг хүмүүсийн амьдралд тохиолддог, туулдаг мэдрэмжтэй уялдуулах гэж оролдсон юм. Хамгийн түрүүнд ямар төрлийн дотно харилцаанууд байж болохыг бодсон. Бүлгүүдийнхээ гарчигийг мөн адил “Хосууд”, “Эхнэр нөхөр”, “Эгч дүүс” Эх үр хоёр” гэж нэрлэсэн. Эдгээр харилцаанууд дээр “Хагацал” гэх сэдвийг нэмсэн. Хүн бүрийн туулдаг мэдрэмж шүү дээ. Зохиолын эхний бүлэг болох “Хосууд” дээр хагацлыг хоёр хосын нэг нь хол явах гэж буйгаар бие махбодоороо холдож буйгаар дүрсэлсэн. Дараагийн “Эхнэр нөхөр” бүлэгт биеээрээ уулзах боломжтой ч нэг нь дурсамжаа алдаж буйгаар ой дурсамжийн хагацалыг илэрхийлж, харин ”Эгч дүүс”, “Эх үр хоёр” бүлгүүдэд хагацлыг үхлээр дамжуулж харуулсан. Энэ нь зохиолын гол хүрээ болж, үүн дээр “өнгөрсөн рүү аялсан ч бодит байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэх дүрмийг оруулж ирсэн юм. Уншигчидад маань цаг хугацаагаар аялна гэдэг хийсвэр санагдаж байж магадгүй. Би зохиолынхоо талаар тооцоолсон мэт ярьж байгаа ч, яг бичиж байх үедээ дүр бүрээ ойлгож, хайрлаж, тэдний сэтгэл хөдлөлийг хамт мэдэрч бичсэн.

-Таны зохиол дээр цаг хугацаагаар аялж буй хүмүүс бүгдээрээ эмэгтэй хүмүүс байдаг. Энэ дүрүүдээ анхнаасаа ингэж тохируулсан уу, эсвэл бичиж байх явцад чинь аясаараа тэгж таарсан уу?

-Би шудрага байх ёстой байх. Өмнө хэлсэнчлэн роман маань анх жүжгийн зохиол байсан шүү дээ. Жүжгийн зохиолоо бичиж байхдаа би нэг театртай хамтарч байсан юм. Тэр театр маань гурван эрэгтэй, есөн эмэгтэй жүжигчидтэй театр байлаа. Тиймээс эмэгтэй дүрүүдийг зохиолдоо илүү нэмэх хэрэгтэй болсон юм. Мэдээж цаг хугацаагаар аялж байгаа дүрүүд нь бүгд эмэгтэй болж хувирсан хэрэг л дээ. Роман болгож бичихдээ цаг хугацаагаар аялагчидаа эрэгтэй болгох санаа байсан ч бодит жүжгийнхээ уур амьсгалыг хадгалах үүднээс дүрүүдээ хэвээр нь үлдээсэн юм. Театрын жүжиг, роман хоёроо өөр уур амьсгалтай болгохыг хүсээгүй.

-Цаг хугацаагаар аялахын тулд баримтлах ёстой дүрмүүд дүрүүдэд үнэхээр хүнд тусдаг. Та яаж энэ дүрмүүдийг бүтээв? Аль дүрэм нь танд хамгийн түрүүнд орж ирсэн бэ?

-Тэд аяндаа л орж ирсэн. Би үргэлж намайг сэдэлжүүлж байгаа зүйлст чухал ач холбогдол өгдөг. Хэрэв би их бодоод ирвэл өөрийн санаа болон өөр илэрхийлж болох аргууддаа эргэлзээд эхэлдэг. Хамгийн түрүүнд зохиолынхоо нэрийг “Кофе хөрөхөөс өмнө” гэж нэрлэхээр шийдсэн, дараа нь цаг хугацааны аялал маань богинохон, хязгаарлагдмал хугацаанд өрнөх хэрэгтэй гэсэн санаа төрсөн. Үүний дараа өнгөрсөн рүү буцаж, бүхнийг давтсан ч “бодит байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэдэг дүрмээ нэмсэн. Энэ дүрмийн сэдлээ хэрхэн олсон тухай нэг түүх хуваалцъя л даа. Найз маань намайг Суда хэмээх залуутай танилцуулсан юм. Суда автомашины ослын улмаас хөлөө алдсан нэгэн. Өнгөрсөн цаг хугацааны хамгийн хатуу нотолгоо болсон бодит байдлаа хэрхэн давж гарсныг нь төсөөлж ч чадахгүй байлаа. Гэвч Суда маш өөдрөг, олны хайрыг татсан хүн байв. Тэрээр надад эхнэрийнхээ тухай ярьж өгсөн юм. Тэднийг гэрлэхээр шийдэхэд эхнэрийнх нь аав хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй охиноо суулгахгүй гэж эсэргүүцжээ. Харин эхнэр нь: “Би ийм хүчирхэг, эрүүл саруул оюун санаатай хүнтэй гэрлэх гэж байгаадаа баяртай байна. Биеийн хувьд бүрэн бүтэн ч оюун санааны хувьд эрүүл биш хүмүүс зөндөө бий. Энэ хүн оюун санааны хувьд эрүүл саруул учир би түүнтэй жаргалтай амьдарч чадна” гэж хэлжээ.

Би зохиолдоо “харамсах” тухай бичихийг хүсээгүй, харин бид харууслын мэдрэмжээ хэрхэн хүлээн зөвшөөрч, урагш явах талаар бичихийг хүссэн. Ноён Судагийн хэрхэн өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа нь миний гаргаж ирэхийг хүссэн зүйл байлаа. Би түүн шиг хангалттай төлөвшиж амжаагүй л яваа. Одоо ч өнгөрсөндөө харамсаж, Суда шиг юмсыг эерэгээр харж чадахгүй л байна. Гэхдээ л би Судаг хараад үнэхээр биширч, яг түүн шиг хүчтэй хүн болохыг хүссэн. Зохиолчийн хувьд ч, яг л түүн шиг өөрийнхөө уран бүтээлтэй нүүр тулахыг хүссэн хэрэг.

-“Кофе хөрөхөөс өмнө” зохиол жүжгийн тайзнаа, хэвлэмэл байдлаар, кино хэлбэрээр гарлаа. Энэ бүхний ард гарсаны дараа ялгаагүй мэдрэмж төрдөг үү?

Өөрийнхөө уран бүтээлийг олон хэлбэрээр харах ялгаагүй маш гайхалтай санагддаг. Магадгүй ном унших дургүй хэрнээ театр үзэх дуртай хүмүүс байж болно. Магадгүй ном унших дуртай ч кино үздэггүй хүн байж болно. Зохиолыг маань өөр өөрөөр хүлээж авах хүмүүс бий. Тиймээс зохиолоо хүмүүст хүргэхийн тул олон төрлийн хэлбэрээр илэрхийлэхийг хүссэн. Би номоо 25 гаруй хэл дээр орчуулагдсан гэдгийг сонсоод чихэндээ ч итгээгүй. Дэлхийн өнцөг булан бүрээс хэвлэлийн газрууд, кино найруулагчид, театрын хүмүүс холбогдоход үнэхээр алмайрсан шүү. Эдгээр хүмүүс байгаагүй бол ингэж олон хүнд хүрэхгүй байсан болохоор намайг дэмждэг бүхий л хүмүүстээ маш их талархаж явдаг.


Кофе хөрөхөөс өмнө

Сүүлд нэмэгдсэн

Бүгд

ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД

Нийтлэгч Интерном

2024/04/02

Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.