Интерном
2023.01.02 · 2 мин

Хэрхэн хөрөнгө оруулах вэ?

Хөрөнгө оруулалт нь өнөө үед санхүүгийн чадамжаа нэмэгдүүлж, ирээдүйн буюу урт хугацааны санхүүгийн баталгаатай болох хүсэлтэй хүн бүрийн гол анхаардаг сэдвийн нэг болжээ. Тэгвэл хөрөнгө оруулалт гэж чухам юуг хэлэх вэ? Хөрөнгө оруулалтын ямар төрлүүд байдаг вэ? Уоррон Баффет, Бэнжамин Граэм, Сет Кларман зэрэг гарамгай хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын ямар зарчим, арга барил, нийтлэг шинж чанартай байв?

Эдгээр асуултад хариулт эрж, хөрөнгө оруулалттай холбоотой мэдэх ёстой чухал зүйлсийн талаар өгүүлсэн Хэрхэн хөрөнгө оруулах вэ? номыг The Carlyle Group-ийн хамтран үүсгэн байгуулагч, Bloomberg TV, PBS телевизийн хөтлөгч Дэвид М.Рубенштейн бичиж, уншигчдын хүртээл болгоод удаагүй байгаа билээ.

Түүний судалж мэдсэнээр гарамгай хөрөнгө оруулагчид хэд хэдэн нийтлэг шинж чанартай байдаг. Эдгээр шинж чанар нь гарамгай хөрөнгө оруулагч болох баталгаа биш ч гэлээ тэдний амьдралын түүх, чадварууд нь сайн хөрөнгө оруулагч болоход юу хэрэгтэйг илтгэж байвал магадлал мэдээж сайжирна. Сайн хөрөнгө оруулагчдын зан чанар, ур чадварууд нь ерөнхийдөө ямар байдаг талаар түүний ажигласнаас онцлон дурдвал:

Анх хийж байсан ажлууд. Зарим хөрөнгө оруулагчид өөрийн жижиг бизнесээ эрт эхлүүлж, зарим нь залуудаа хөрөнгө оруулах оролдлого хийж байсан бол ихэнх нь бусад мэргэжлээр ажиллаж үзсэн байдаг ба тэдгээр мэргэжлээрээ хожим нь хөрөнгө оруулаад хүрсэн шиг гайхалтай амжилтад хүрч чадаагүй байх нь бий. Тухайлбал, Жим Саймонс дэлхийд данстай математикч; Сэр Майкл Мориц сэтгүүлч; харин Паула Волент урлагийн консерватор байжээ.

Бүтэлгүйтэл. Гарамгай сайн хөрөнгө оруулагчдын ихэнх нь карьерынхаа явцад уналтад орсон эсвэл хөрөнгө оруулалтын томоохон алдагдал хүлээсэн байдаг. Эдгээр нь тэдэнд тууштай байж, эцэст нь ур чадвараа төгөлдөржүүлэх хүсэл эрмэлзлийг өгсөн байх магадлалтай.

Хариуцлага хүлээх чадвар. Шилдэг хөрөнгө оруулагчид ямар нэг ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийн хариуцлагыг бүрэн хүлээхийг хүсдэг нь тодорхой харагддаг. Тэд өөрсдийн хөрөнгө оруулалтын чадвартаа итгэлтэй байх нь элбэг бөгөөд чухал хөрөнгө оруулалтын асуудлын эцсийн дүгнэлтийг итгэмжлэгдсэн ажилтнуудаараа гаргуулахын оронд өөрсдөө гаргахыг хүсдэг. Мөн тэд гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх дуртай.

Унших дадал. Гарамгай хөрөнгө оруулагчид мэдлэг хэзээ ч илүүдэхгүй гэж боддог бөгөөд олж мэдсэн зүйлсийн зарим нь хөрөнгө оруулалттай холбоотой аливаа асуудлыг зөв өнцгөөс харахад тусалдаг гэсэн бодолтой явдаг. Өөрөөр хэлбэл, сайн хөрөнгө оруулагчдад оюуны сониуч зан асар их байдаг бөгөөд хэзээ нэгэн цагт тэдний хөрөнгө оруулалтын ажилтай бага ч болов холбогдох аливаа сэдвийн талаар аль болох ихийг мэдэх хүсэлтэй байдаг.

Шаргуу хөдөлмөр. Агуу хөрөнгө оруулагчид мэргэжлийн хувьд ажлын хэнээтэй байдаг ба цаашлаад хийж буй хөрөнгө оруулалтын төрөлдөө хэрэгтэй ур чадварыг эзэмшихэд шаардлагатай цаг хугацааг зарцуулахад бэлэн, шаргуу хөдөлмөрч хүмүүс байдаг нь гайхмаар зүйл биш. Тэд ажлаа таашаал гэж хардаг тул нас ахисан ч ажлаа нэг их хөнгөвчлөх шаардлагагүй гэж үздэг.

Зохиогчийн хувьд номыг хялбарчлахын тулд өөрийн ярилцсан бүх хөрөнгө оруулагчдыг Нийтлэг, Алтернатив, Шинэгэсэн хөрөнгө оруулалтын ангиллуудад оруулж, тэдний хүүхэд ахуй нас, боловсрол, анх хөрөнгө оруулалтын ертөнцөд орсон түүх, бүтэлгүйтсэн болон амжилттай хөрөнгө оруулсан түүхүүд зэрэг олон сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцжээ.

Хөрөнгө оруулалтын талаар цогц ойлголтыг өгөх зорилготой энэхүү сонирхолтой ном нь уншигч танд нээлттэй хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хандивын сан, эрсдэлийн сан, гарааны хөрөнгө оруулалт, криптовальют зэрэг хөрөнгө оруулалтын олон төрлөөр мэргэшсэн Жон Грэй, Сет Кларман, Сэр Майкл Мориц, Жон Полсон зэрэг шилдэг хөрөнгө оруулагчдын түүхээс суралцан, хөрөнгө оруулалтын тухай мэдлэг, ойлголтоо ахиулах боломжийг олгоно.

Сүүлд нэмэгдсэн

Бүгд

ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД

Нийтлэгч Интерном

2024/04/02

Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.