Интерном
2022.07.18 · 7 мин

ХОМЭР - "ИЛИАДА" (ИХ ХӨЛГӨН ТУУЛЬ)

“Одиссей”, "Илиада" хөлгөн туйлсын орчуулагч МУСГЗ, ахмад дипломатч Д.Цахилгаан

Өмнөх үг, талархал
Илиада хэмээх энэ хөлгөн их туулийг МУСГЗ ахмад дипломатч, орчуулагч Д.Цахилгаан гуай Монгол хэлнээ хөрвүүлжээ. Одоогийн багачуул азтай юм аа. Орчлонгийн хамгийн өвөг суу бүтээлүүдийн нэгийг яруу найргийн бүрэн орчуулгаар нь үзэж уншиж утга уран зохиолд замчлуулна гэдэг дэлхийн энэ олон хэлтэн бүрт оногдох тавилан биш бөгөөд бидний төлөө, ирээдүйнхээ төлөө сэтгэл оюунаа чилээж, он цагаа зориулсан өвгөн буурал мэргэдэдээ бид залбирч явах ёстой юм аа. Д.Цахилгаан гуай, Монсударын хамт олон үнэхээр монголын ирээдүйн оюуны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна даа, талархаад баршгүй. Дашрамд дурдахад Энэхүү тэмдэглэлийг бичсэн номыг Монсудар хэвлэлийн газраас “Одиссей” хөлгөн туулийн тэмдэглэлийг минь урамшуулан бэлэглэсэн билээ. Та бүхэндээ гялайлаа, ингээд бэлгийн номоо уншаад чадан ядан бичсэн тэмдэглэлийг минь хүлээн авна уу.
“Илиада туулиас та бүхэн хүн төрөлхтөний хүсэл тэмүүллийг олж харах нь дамжиггүй.”

Трой хотын балгас

Илиада туульсын сэдэв нь Тройн дайны тухай цуврал домгуудаас эхтэй юм. Домогт өгүүлснээр Пелей баатар, далайн дагина Фетида хоёрын хуримд Олимпын бүх бурхдыг урьсан ч хэрүүл дайсагналцлын дархи Эридаг урьсангүй ажээ. Гомдсон Эрида хурим найранд нууцаар нэвтэрч ороод “ Хамгийн үзэсгэлэнтэй танд” хэмээн бичсэн алимыг Хера, Афина, Афродита гурвын дунд шидэж орхив. (Хэрүүлийн алим шидэх гэдэг хэлц эндээс үүдэлтэй) Алимыг хэн нь авахаа шийдэж чадаагүй тул Зевсийн зарлигаар Хермес тэднийг Ида ууланд байх малчин Парист (хамгийн сайхан залуу) зарга таслуулахаар хүргэнэ. Парис бол Тройн хаан Приам хатан Гекуба нарын дундаас төрсөн хөвүүн бөгөөтөл түүнийг мэндлэхэд бурхад Тройн мөхлийг авчрагч мөн хэмээн зөгнөсөн тул эцэг эх нь түүнийг ууланд орхиж, хаягдсан хүүг хоньчид өргөн өсгөсөн ажээ. Хэн нь хамгийн үзэсгэлэнтэйг тогтоох хэрүүл заргаа нааштай шийдүүлж алимыг авахын тулд дархид Парист өөр өөрсдийн бэлгийг амласан байна. Хера түүнд эрх мэдэл,хүч чадлыг, Афина цэцэн ухаан, нэр алдар амласан хэдий ч Парис алимаа өөрт нь хорвоогийн хамгийн сайхан бүсгүйн хайрыг амласан Афродитад өгсөн ажээ. Мэдээж энэ нь Афина, Хера хоёрыг хилэгнүүлж Парисын заналт дайсан болгож орхив. Афродита Парист төрсөн эцэг эхийнх нь талаар үнэнийг дэлгэж Трой хотод аваачин ойд төөрүүлж өнгөрсөн гэж гашуудан байсан эцэг эхэд нь золгуулж, Менелей хааны хатан сайхан Еленаг оргуулж хорвоогийн хамгийн сайхан бүсгүйн хайр сэтгэлийнх нь эзэн болоход туслажээ. Ингээд эхнэрээ алдсан Менелей хаан түүний дүү Агамемнон нар үзэсгэлэнт Еленаг буцаан авчрахаар Трой хотыг дайлаар мордоно. Ийм л нэгэн домгоос эхтэй. Нэгэн цагт үлгэр домог бурхдын сургааль байсан түүхийг Хомер уран зохиол найраг туульсын бүтээл болгосоноор эдүгээгийн бидэнд уламжлагдан иржээ. Магадгүй домгоос эхтэй туульсын бүтээл гэхээр уран сэтгэмж зөгнөл халилаар дүүрэн үнэнээс хол гэж уншигч та бодож мэдэх юм.
Гэхдээ аливаа уран бүтээлийн сэдэв гэдэг амьдралын үнэнтэй ойр байдаг билээ. Малиновскийн “Домог бол зүгээр л ярьдаг түүх биш, харин амьдардаг бодит байдал юм. Энэ бол балар цагт нэгэнт тохиосон, түүнээс хойш ертөнц, хүмүүсийн хувь заяанд нөлөөлсөөр байгаа хэмээн итгэсэн амьд бодит байдал мөн. Домог бол орлуулж болшгүй чиг үүргийг эртний соёлд гүйцэтгэдэг тэрээр итгэл бишрэлийг илэрхийлэн сайжруулж, кодлоно; ёс суртахууныг хамгаалж, албадна; зан заншлын үр нөлөөг бататган, хүний мөрдөх практик дүрмийг агуулна. Иймд домог бол хүний иргэншлийн амин чухал орц найрлага мөн; энэ бол идэвхгүй хууч яриа биш, харин ажилсаг бүтээлч хүч юм; энэ бол оюуны тайлбар юм уу уран сайхны төсөөлөл биш, харин баларлаг үеийн итгэл, ёс суртахууны цэцэн ухааны прагматик тунхаг бичиг билээ”(Myth in Primitive Psychology, Malinowski) гэсэн үгийг саяхан нэгэн монгол эрдэмтний судалгааны бүтээлээс олж үзээд ихэд олзуурхан тэмдэглэж авсан байдаг юм.

Илиада туульсаар түүний түүхээр ёс суртахууны хэмжил хийж, үлгэр дуурайлал болж өссөн Грекүүд тэдний соёлоос гурван мянганы турш уламжлан буй европчууд ер нь дэлхий дахин юу суралцаа бол? Тэдний тунхагласан үнэн, бас хэм хэмжээ нь балар эртний үедээ л үлдсэн болов уу? гэсэг зохих ёсны нэгэн асуулт уншигч бүрийн өмнө тулгарах буй заа.
Миний бодлоор Илиада туульсыг уншихад илт анзаарагдах нэгэн зүйл бол зохиогчийн далайцтай байр суурь, олон талт алсыг харсан шийдэл юм. Маш их үйл явдал, зөрчил сөргөлдөөн, сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий илэрхийлэлтэй ч туульст гарч байгаа бүхий л баатруудын байр суурь, үзэл санаанд хүлээцтэй хандаж, тэднийг ойлгож, тэдний зөв гэж юу болохыг уншигч сонсогчдодоо шүүж үнэлэлгүй байгаагаар нь харуулсан нь Хомерын бүтээлийн нэгэн содон онцлог билээ. Уг бүтээл анхнаасаа нэг хүний сэдэл шийдэл биш харин хэдэн зуун жил уламжлагдан ирсэн ардын аман зохиолыг утга зохиолын хэлбэрт оруулан нэгтгэсэн зүйл тул ийм байхаас ч аргагүй биз дээ. Мөн тэрээр бүх баатруудынхаа зовлон ба үнэнд элбэрэлт ёсоор нигүүлсэнгүй хандсан шигээ бас бүгдийнх нь алдаа дутагдалд өршөөлгүй хандсан байдаг юм. Домог туульсын баатрууд дотор эгэл хүмүүн, эгэлгүй баатар, хаан хатан, тэр бүү хэл Олимпын бурхадын ч муу талыг энгийн шулуухан л хэлж орхисон байх жишээтэй. Түүний энэ бүтээл цаг хугацаанаас ч ангид мөнх байгаагийн нэг шалтгаан нь цаг үедээ урваж шарваж хэн нэгэнд аль нэг үйл явдалд тал засаж үхэн хатан хамгаалсан нь үгүй. Энэ зохиолын мөнхийн үнэт зүйл нь сайхан сэтгэл, хүнлэг зан чанар, хатуу харгисыг зэмлэн буруушаасан, өөрт таалагдах үнэний эрэлд хатаж өчүүхэн заяагаа сөрөх хүмүүнээс эхлээд олимпын бурхад хүртэл муу зангийнхаа хүлээсээс ангижирч чадахгүй бол тавилан тодорхой байдгийг хайр найргүй өгүүлсэнд оршино гэж би бодно. Миний ойлгосноор Илиадад хэдий дайн тулааныг, түүнд оролцогч агуу бурхад, эгэлгүй баатруудын сүр хүчийг магтан дуулахад эдгээр арван таван түмэн шадын ихэнх зориулагдсан ч энэ бол дайны дуулал биш харин хүнлэг сэтгэлийн дуулал юм. Дайн тулааны үед хүмүүний сэтгэл энгийн үгээр илэрхийлэх аргагүй догширч хатуурдгийг, түүнд ялахын тулд мэргэд бурхад хүртэл ир чадал, ид мэхээ харгислалд зориулдгийг ингэж тодруун харуулж түүнээс эмээх жигших, шударга ёсыг эрхэмлэх хүслийг дэврээн тэтгэхэд энэ туульс өргөгдсөн гэлтэй.

Өөр нэг онцлог бол Туульст Тройн дайны эхлэлийг ч дурдаагүй, төгсгөлийг ч бүрэн дурдаагүй. Түүнд оролцогчдын тухай хэсэгхэн түүхийг хүүрнэсэн энэ агуу зохиол агуу ихийн хэрээр дутуу мэт санагдана. Яагаад ч юм эхлэл төгсгөл нь дутуу хэрнээ илүү юм их тоочсон шиг санагдах энэ зохиолын талаар тухайн үедээ Аристотель ийн өгүүлж байжээ. “Хомер бусадтай зүйрлэшгүй өөр нэгэн гэдгийг нь түүний туульсаас олж харах боломжтой. Тэрээр дайныг эхлэл төгсгөлтэй нь бүрэн дүрслэн бичих гэж төдсөнгүйн учир нь хэмжээ багавтар ч явдал тохиол нь эрээлжиж ээдэрсэн дайны тухай хэт нүсэр ойлгомжгүй бичихээс сэргийлсэн хэрэг юм. Тиймээс дайны нэгээхэн хэсэг үйл явдлыг сонгон авч туульс туурвихдаа бусад үйл явдал, тоо баримтыг нь тухайлбал дайны хөлөг онгоцуудыг дурьдсан дуулал гэх мэтээр тууль найргийнхаа үзэгдэл, хэсгүүдэд чимэг болгон дурдсан нь онцлог билээ” хэмээжээ. Яагаад Хомер Тройн дайныг дуустал нь Ахейчуудын бүрэн төгс ялалтыг дуулсангүй вэ гэж бодож байна уу уншигч минь? Энэ дутуу юм шиг хэрнээ бүрэн төгс бүтээлийн сүүлийн хайлаанд Хаан Приам хүүгийнхээ цогцсыг Ахиллээс гуйн авч оршуулж буй нь гарна.

Эрэлхэг баатар Ахилл минь чи, эцэг шигээ намайг
Энэрч, өрөвдөж, ирсэн учрыг ойлгож болгоо!
Ижилхэн Пелей бид хоёр энэ насныхаа
Эцсийн зогсоолд ойртож байгааг бодоод нэг үз!
Энд чи баатарлаж, эр зоригоо гайхуулж нэг явахад
Эвий хөөрхий эцэг чинь нутагтаа ганцаардаж, эсэн бусын
Эрээгүй муу хүмүүст ад үзэгдэж, ядаж зүдээд
Эргэж чамайг Тройгоос эсэн мэнд ирээсэй гэж
Их бурханд залбирч, эрлэгийнд очтолоо дэргэд чинь байхсан гэж
Энэлж шаналж, хүлээж ядаж суугаа байх даа!
Эдлэх насны төгсгөл дөхөөд ирэхээр эцэг хүн
Элгэн садан үр хүүхдээ л гэх цаг ирдэг юм байна
Энэ насанд надад тавин хүү заяасан юм
Энд танай Ахейчуудыг иртэл цөм эсэн мэнд байсан байлаа
Эхнэр, авааль ханиас минь арван ес нь төрсөн юм
Эгэл татвар хатдаас бусад нь гарсан юм
Эрсдэж бараг цөмөөрөө энэ дайнд үхэж үрэгдлээ.
Эцсийн ганц найдвар минь эх нутаг, Илион хотоо хамгаалж
Их цэргээ захирч явсан эрэлхэг хүү Хектор минь байлаа
Эндэж чиний гарт хүү минь нэгэнт үрэгдэж
Эцэг эх бидний голыг харлуулж, эргэж ирэхгүй
Эрлэг тамын үүдэнд очсон болохоор
Эрхбиш хүүр цогцсыг нь олж авахаар
Ирсэн учрыг минт Ахилл чи ойлгож байгаа биз дээ?
Алт эрдэнэс, арвин их, үнэт өлөг өргөн барья, чамд
Асар дээдийн бурхадын нэрийг барьж гуйя, чамаас!
Арга ядахдаа би, олон хүүхдийн минь аминд хүрсэн
Ярга хийдэг гарыг чинь сэжиггүй үнсэж гуйя!!
Ааваас чинь илүү уй зовлонд унасан намайг өрөвдөж
Амиа алдсан Хекторын минь цогцсыг эргүүлж өгөөч

(Хомер “Илиада” 682, 683р тал)

Хайртай хүүгээ хөнөөсөн алуурчны гарыг үнсэн байж гуйж авсан цогцсыг эмгэнэн гашуудаж оршооход арван хэдэн хоног л хэрэгтэй. Түүний дараа хайртай хот Трой нь бас мөхнө. Эцсийн, мөхлийн мэдрэмжийг үүнээс илүү яаж мэдрэх вэ? Үүнээс илүү яаж өгүүлэх вэ? Ингэж гуйж авсан хүүгийнхээ цогцсыг ёс төртэй оршуулаад өмгөөлөх баатаргүй өмөлзөх эхчүүд, ядарч туйлдсан эрчүүдийнхээ хамтаар Илион хотынхоо мөхлийг хүлээх энэ хүмүүсийн талаар үргэлжлүүлж тууль хайлах байсан гэж үү та?! Үгүй байлгүй дээ, үнэндээ эмгэнэлт зохиолын эх гэмээр энэ үгсийн дараа хонон өнжин хайлсан туульсыг нүдэндээ нулимстай сонсож дуусгаад хэн нэгнийг хөнөөхөөр гар хөдлөн дайнд мордох сэтгэл хэнд төрөх байсан бол? Тиймээс Илиада дайны дуулал гэхээс энхийг хүссэн эгэл хүмүүсийн дуулал гэж нэрлэгдэх нь үнэхээр зохилтой санагдана. Зуун зуунаар дуулагдан ирэхдээ бурхад хүмүүн алин байсан ч ааш авираа хичээгээрэй, аль болох эв зүйтэй байгаарай, шударга ёсыг хамгаалагч дайн тулаан болбоос эцэстээ нулимсаар угаагдсан эмгэнэлт түүх гэдгийг үргэлж л сануулж сэхүүлсээр ирсэн энэ сайхан туульс ирэх олон мянганд ч амьд хэвээр байх биз ээ.
Төгсгөлийн бичил зурвас:
Магадгүй уншигч та бүхэнд одоогоос бараг гучин зууны өмнө хорвоогийн хаа нэгтэй хэн нэгэнд тохиолдсон зовлон бэрхшээл, уур хилэн, өс хонзон, дайн байлдааны тухай унших нь сонин биш байж болох юм. Гэвч хүмүүс түүхийнхээ туршид өмнөө амьдарч байсан хүмүүсээс суралцаж тэдний алдаа эндэл аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл нь хэзээд ялгаагүй адил юм гэдгийг ойлгоцгоодог билээ. Аливаа туульс үлгэрийн адилаар хөнгөн уншигдана. Зузаан номоос цэрвэдэг хүмүүст хэлэхэд шүлэглэсэн зохиол учраас бараг л байгаагаасаа гурав дахин нимгэн гэж бодож өөрсдийн сэтгэлээ цагаатгаад бариад авчихвал барагдах нь амар байх гэж бодож байна.
Хомерын Илиада туульсын хувьд энэ туульст гардаг хот, баатрууд хүмүүс бодит үнэн гэдгийг 19р зууны сүүл, 20р зууны эхэн үед гарсан түүх археолог хэл шинжлэлийн томоохон нээлтүүд бидэнд батлан харуулсан юм. Та бүхэн Илиада туульст гардаг хүмүүсийн бодит түүх археологийн олдворуудын талаар тайлбар харъя гэвэл одоогийн Турк улсын Дарданелл хотноо орших Трой хотын балгасыг нь үзэж сонирхож болох юм.

Трой хотын балгас


Тэмдэглэлийг бичсэн Н.Нарантуяа

Сүүлд нэмэгдсэн

Бүгд