Интерном
2024.02.28 · 2 мин

Хувь заяагаа бүтээгч иогийн хөтөч - Карма

Карма. Эндүү ташаа утгаар, хаа сайгүй яригдах болсон энэ ойлголтыг дэлхий дахинаа алдаршсан, дээдийн эрэлхийллийн мастер Садгүрү шинэ өнцгөөс тайлбарлаж, аз жаргал, гэрэл гэгээд хүрэх замыг толилуулж байна. Карма гэж юу вэ? Ихэнх хүн кармаг сайн муу үйл, буян нүглийн бүртгэл, баланс мэтээр ойлгодог. Хүн хийсэн үйлийнхээ үр дагавраас булзаж чадахгүй гэнэ. Үнэндээ карма шагнал, шийтгэлтэй ямар ч хамаагүй ажээ. Карма гэдэг зүгээр л үйл гэсэн үг. Таны үйлдэхүй, таны хариуцлага. Карма бол гэм зэм, ял шийтгэлийн гадаад систем биш, харин таны өөртөө үүсгэсэн дотоод орчил юм. Карма хураагдах эсэх нь зөвхөн таны сэдлээс, бас та өөрт тохиосон зүйлсэд ямар хариу үзүүлэхээс хамаардаг. Хүн цагийн уртад зан үйлдлийнхээ ухамсаргүй хэвшлийн боол болчихдог ажээ. Садгүрү уншигч таныг жолоочийн суудалд урьж байна. Айдаст автсан зорчигчоос хувь заяагаа итгэл дүүрэн залах жолооч бологтун. Ухамсарт сэрэмжтэй амьдарч, агшин тутам бүрэн дүүрэн оршиж, давтагдмал орчлоос чөлөөлөгд. Карма гэдэг хүлээс биш, эрх чөлөө, чөлөөлөлтийн нөөц бололцоо болохыг энэхүү номоос уншиж танилцаарай.

Садгүрү гэж хэн бэ?

Энэтхэгийн нөлөө бүхий 50 хүний нэгээр нэрлэгдсэн Садгүрү нь иогч, мистик, алсын хараатай сэтгэгч юм. Тэрээр Энэтхэгийн ерөнхийлөгчийн нэрэмжит гурван шагналыг хүртсэн бөгөөд эдгээрээс нэгийг нь байгаль орчны төлөөх үйлсээрээ, харин иргэний хамгийн дээд шагналыг нийгмийн төлөөх онцгой дээд үйл хэргээрээ тус тус хүртэж байв.

Садгүрү нь олон улсад хэдийн танигдсан үзэл санааны манлайлагч, илтгэгч билээ. Тэрээр НҮБ, Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн банк, Английн Лордуудын танхим, TED арга хэмжээ, түүнчлэн Microsoft, Google компаниудын төв захиргаанд илтгэл тавьж байв. Түүнчлэн Оксфорд, Стэнфорд, Харвард, Иэл, Уортон, Массачусетсийн Технологийн Институт зэрэг боловсролын тэргүүлэх байгууллагуудад уригдан илтгэл тавьж байлаа.

Садгүрү олон жилийн турш экологийн томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн. “Гол мөрнүүдийн төлөөх ралли”, “Каверигийн дуудлага” зэрэг хөдөлгөөн нь хөрс, ус, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, Энэтхэгийн гол мөрнийг нөхөн сэргээх тулгамдсан хэрэгцээ шаардлагад чиглэж байв. Өргөн хүрээг хамарсан, өндөр үр нөлөөтэй эдгээр санаачилга нь дэлхий даяар танигдаж, экологийн тогтвортой байдлыг хангасан эдийн засгийн хөгжлийн глобал жишиг загвар болж, томоохон эргэлт авчирчээ. Садгүрү НҮБ-ын хүрээлэн буй орчны хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц, Олон улсын байгаль хамгаалах холбоо зэрэг олон глобал байгууллагад урилгаар зочилж, дэлхийн экологийн асуудлуудыг шийдэх олон улсын хэмжээний шийдлийг хамтран хэлэлцэж байв.

Садгүрүгийн гучин жилийн өмнө үүсгэн байгуулсан ашгийн бус байгууллага болох Иша сан нь хүний сайн сайхан оршихуйн төлөөх итгэл үнэмшлээр хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Тус сан хүний дотоод хувьсал өөрчлөлтөд зориулсан иогийн гайхалтай хөтөлбөрүүдийг болон хөдөө нутгийн хүн амын амьдралын түвшнийг дээшлүүлэх цоо шинэ хэлбэрийн төслүүдийг санаачилсан юм. Иша сан дэлхий даяарх 300 гаруй төвдөө 11 сая гаруй сайн дурын ажилтны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Сүүлд нэмэгдсэн

Бүгд

ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД

Нийтлэгч Интерном

2024/04/02

Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.