Интерном
2022.09.01 · 3 мин

ЛЕРМОНТОВ: МАНАЙ ҮЕИЙН БААТАР

Манай үеийн баатар зохиолд Печорин гэх нууцлаг, залуухан, язгууртан гаралтай эрийн түүхийг өгүүлдэг. Печорин бол хүүхнүүдийн эрлэг, ид хавтгай эр боловч юм бүхнээс амархан уйддаг, хүмүүстэй чин сэтгэлийн холбоо үүсгэх чадваргүй гэмээр нэгэн. Зохиолд Печориний дүрийг олон өнцгөөс дүрсэлнэ. Эхлээд сайхан сэтгэлт харуулын ахмад Максим Максимычийн түүнтэй өнгөрүүлсэн дурдатгал, зохиолын би хүүрнэгчийн бодитоор уулзсан дүрслэл, эцэст нь гол дүр Печориний хувийн тэмдэглэлүүд хөвөрнө. Зохиолч Кавказ нутгийн гоо үзэсгэлэн, соёл уламжлалын элементийг оросын язгууртны ааш аягтай сүлэн бичжээ.

Илүү хүн

Печориний дүр бол 19-р зууны Оросын уран зохиолын илүү хүн(лишний человек) хэмээх ойлголтод хамаардаг. Илүү хүн гэх ойлголт Лорд Байроны дүрүүдээс анх санаа авч, 1840, 50-аад оны Оросын уран зохиолын нэгэн чухал хэсэг болжээ. Энэ дүрээр мэдлэг, чадвартай ч нийгмийн тогтсон хэм хэмжээнд таардаггүй хувь хүнийг илэрхийлдэг. Ихэнх тохиолдолд тухайн хүн хөрөнгө чинээ, эрх мэдэлтэй гэр бүлд төрсөн байдаг. Нийгмийн үнэт зүйлийг үл тоосон, бусдад үл итгэдэг, өөрийн оршихуйгаас уйдсан, нигилист хандлагатай байх нь бий.

Печорин уйтгар гунигаа аргацаахын тулд бусдын мэдрэмжээр тоглодог төдийгүй зарим тохиолдолд бусдад хүнд гарз хохирол учруулдаг. Хийсэн үйлдлээ буруу гэдгийг мэдэрдэг ч, өөртөө тусгаж хүлээж авахаас илүү хөндлөнгөөс ажиглаж, шинжиж зогсдог, өөрийн мэдрэмжээс өөрийгөө салгаж чаддаг дүр юм. Мэдрэмжээ дагахаас илүүтэйгээр өөрийн тархийг илүүд үздэг нэгэн.

ХЭЗЭЭ Ч ГЭРЛЭХГҮЙ, ЭРГҮҮЛЭХИЙГ Ч ХҮСЭХГҮЙ БУЙ ЗАЛУУХАН ОХИНЫ ХАЙРЫГ ТАТАХ ГЭЖ ЮУНД ИНТГЭТЛЭЭ ЗҮТГЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ГЭЖ БИ ҮРГЭЛЖ ӨӨРӨӨСӨӨ АСУУДАГ.

Печориний эмэгтэйчүүдэд хандах хандлага түүнийг алдаа оноотой нь чин сэтгэлээсээ хайрлах Вера дээр ирээд өөрчлөгдөх дөхнө. Тэглээ гээд яах вэ дээ, юу өөрчлөгдөх билээ гэж эргэлзсэнээр хуучин хэвээр үлдэх шийдвэр гаргана. Энэ нь түүнийг дахиад л ертөнцөд багтаж, шингэх газаргүй илүү нэгэн гэдгийг харуулна.

НАДАД ОДОО ЮУ ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ? ВЕРАГ ХАРАХ УУ? ЯАХ ГЭЖ? БИДНИЙ ДУНДАХ БҮХ ЗҮЙЛ ДУУСААГҮЙ ГЭЖ ҮҮ? ХАГАЦЛЫН СҮҮЛЧИЙН ҮНСЭЛТ ДУРСАМЖИЙГ МААНЬ БАЯЖУУЛАХГҮЙ, ХАРИН Ч ХАГАЦАН САЛАХАД БҮР Л ХЭЦҮҮ БОЛОХ БУС УУ?

Лермонтовийн шинэчлэл

Лермонтовийг орчин үеийн орос романы сэтгэл зүйн реализмын анхдагчдын нэг гэж тооцдог. Түүний бүтээлийг орчин үеийн хэв шинжтэй гэж үзэх хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, номын үйл явдал тодорхой бүтцэд баригдаагүй, аялал хэлбэрээр бичигджээ. Зөвхөн хүүрнэгчийн өнцгөөс дүрүүд, үйл явдлыг тайлбарлахгүйгээр хөндлөнгийн хүмүүсийн дурдатгал болон Печориний хувийн тэмдэглэлийг оруулж өгснөөр тухайн үеийн бүтээлүүдээс ялгарна. Гаднах болон дотоод дүрслэл зэрэгцэн оршиж байна. Хоёрдугаарт, Печориний дүр тухайн үеийнхээ нийгмийн үнэт зүйлс, шашин шүтлэг, итгэл үнэмшлээс тэс хөндлөн, өнөө үеийн амьдралын хэв маягт илүү ойр гэмээр.

"Үг бүр нь хүчтэй, суу билэгт хүн байв. Хэн ч түүн шиг үнэнийг мөнхөд, хүчтэйгээр эрэлхийлж байсангүй. Энэ хүү амьд үлдсэн сэн бол би ч, Достоевский ч хэрэггүй байх байсан." гэж хожмоо Лев Толстой ийнхүү бичжээ.

Төгсгөл шинэ эхлэлд хөтөлнө

Печорин хайр дурлал, нөхөрлөл, нийгэм төдийгүй өөрөө өөртэйгөө ч зөрчилдөнө. Печориний асуудалд хэн ч, юу ч хариулт өгч чаддаггүй. Манай үеийн баатар зохиолд нийгмийн бүхий л үнэт зүйл, итгэл үнэмшил Печорин гэх цэгт ирээд нугарч унадаг. Хэрвээ бүгдийн итгэж үнэмшдэг, амьдралаа зориулж буй үнэт зүйлд багтаж чадахгүй бол яах вэ, дараагийн алхам юу байх вэ? Зохиолч хуучинд захирагдах боломжгүй шинэ үе үүсэж байгааг түрүүлж харж, дэлгэн тавьжээ.

Үүний нэг илрэл нь зохиолын тухлах дүр харуулын ахмад Максим Максимыч, Печорин хоёрын уулзалт болдог. Максим Максимыч бол хуучин нийгмийн төлөөлөл. Тэр яаж ч хичээгээд Печоринийг ойлгож чаддаггүй. Печорин яаж ч хичээсэн Максим Максимыч шиг амьдарч чадахгүй.

ӨНГӨРСӨН АМЬДРАЛАА БҮГДИЙГ ЭРГЭЦҮҮЛЭН САНАХАД ӨӨРИЙН ЭРХГҮЙ Л “ЮУНЫ ТӨЛӨӨ АМЬДАРСАН ЮМ БЭ? ЧУХАМ ЯМАР ЗОРИЛГОТОЙ ЭНЭ ХОРВООД ХҮМҮҮНИЙ БИЕИЙГ ОЛЖ ТӨРСӨН ЮМ БОЛ?...” ХЭМЭЭН ӨӨРӨӨСӨӨ АСУУНА. ЗҮРХ СЭТГЭЛДЭЭ АСАР ИХ ХҮЧИЙГ МЭДЭРДЭГ БАЙСАН БОЛОХООР ӨНДӨР ДЭЭД ЗОРИЛГОТОЙ ТӨРСӨН ГЭДЭГТЭЭ ИТГЭНЭМ… ГЭВЧ БИ ЗОРИЛГОО ТАНЬЖ МЭДЭЛГҮЙ, ХИЙ ХООСОН ХҮСЭЛ ТАЧААЛД АВТАН ТӨӨРӨЛДӨЖ ЯВАХДАА АМЬДРАЛЫН ГЭРЭЛ ГЭГЭЭ БОЛОХ АРИУН ШУДАРГА ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛИЙНХЭЭ ГАЛ ЦОГИЙГ АЛДААД ТӨМӨР МЭТ ХҮЙТЭН ХАТУУ БОЛЖЭЭ. ТЭР ЦАГААС ХОЙШ ХЭЧНЭЭН УДАА ХУВЬ ЗАЯАНЫХАА ГАРТ СҮХ НЬ БОЛЖ ЯВАВ ДАА!

Зохиолч асуудал дэлгэн тавьж байгаа ч, ямар ч шийдэл үлдээсэнгүй. Лермонтов бүтээлийнхээ өмнөх үгэнд “Манай үеийн баатар бол яг тухайлан хэн нэгнийг дүрсэлсэн хэрэг биш, харин муу муухай нь цогцолсон бүх үеийнхний дүр зураг юм. Оношийг нь хэлээд өглөө, харин хэрхэн эмчлэхийг нь гагцхүү бурхан л мэдэх буй за!” хэмээжээ. Лермонтовийн бүтээлдээ хөндсөн асуулт өнөөдрийн бидэнд ч хүчинтэй, үнэ цэнээ алдаагүй хэвээр.

Сүүлд нэмэгдсэн

Бүгд

ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД

Нийтлэгч Интерном

2024/04/02

Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.