Интерном
2022.08.08 · 3 мин

ҮГГҮЙ ЗУРАГТ НОМ ГЭЖ ЮУ ВЭ?

Унших гэдэг нь томчуудын хувьд БИЧВЭРТЭЙ, бага насны хүүхдийн (0-6 нас) хувьд ЗУРАГТАЙ салшгүй холбоотой юм.  Томчууд бичвэрээр дамжуулан утгыг ойлгон мэдэрч, түүнээс таашаал авч, үнэлэлт дүгнэлт өгдөг. Харин бага насны хүүхдүүд зургаар дамжуулан агуулгыг мэдэрч ойлгон, тогтоож, цааш ургуулан унших үйл үргэлжилдэг онцлогтой.

Тийм дээ ч өнөөдөр дэлхийн хүүхдийн уран зохиолд “зурагтай ном”, “зурагт ном”, “үггүй зурагт ном” гэх төрөл хэлбэрүүд үүсэн бий болж, үргэлжлэн хөгжжээ. Тэгтэл томчууд дийлэнхдээ унших гэдгийг өөрсдийн шалгуураар шүүж, олон үлгэртэй, их бичвэртэй, зузаан ном хайхын дээр, хүүхэд үсэг сурсны дараа л уншиж эхэлнэ хэмээн ойлгох нь элбэг. Үнэндээ хүүхдийн унших үйл номынхоо зургийг уншихаас эхэлдэг.

Иймд хүүхдийн зохиолын нэг онцлог төрөл болох “Үггүй зурагт ном гэж юу вэ, Ямар ач холбогдолтой вэ?” гэдэг талаар товч өгүүлье.

Үггүй зурагт ном гэдэг нь унших бичвэр байхгүй, түүхийг бүхэлд нь зургаар дүрсэлсэн ном юм. Зургийг ажиглаад өөрт төрсөн мэдрэмж, бодогдсон бодол, уран сэтгэмжээрээ түүхийг нөхөж өгүүлнэ гэсэн үг. "Зургийг унших" гэж ойлгож болно. Үггүй зурагт номтой ажиллах явцад хүүхдүүд номд гарч буй дүрүүдэд нэр өгөх, ямар үг хэлэхээ сонгох, харилцан яриа үүсгэх зэргээр илүү чөлөөтэй сэтгэх боломжтой байдаг.

"Бөх" (2021) - Патрициа Тома

"Бөх" (2021) - Патрициа Тома

Аризона Мужийн Их сургуулийн багш Фрэнк Серафинигийн хэлснээр “Үггүй зурагт ном нь уншигчид зохиолд өөрөө оролцож, түүх бүтээх боломжийг олгодог. Уншигч тухайн дүрийн үйлдэл, мэдрэмж, зан байдлыг мэдэрч ойлгож, тайлбарлах ёстой” гэжээ.

Ийм төрлийн ном нь анх хүүхдэд үлгэр ярьж өгөх хэрэглэгдэхүүн болж үүссэн бөгөөд, өдгөө бие даасан төрөл болон хөгжжээ. Мөн үггүй зурагт ном нь хүүхдийн дараах чадваруудыг дэмждэг.

1.Ойлгох чадварыг дэмжих

Уншихын ач холбогдол нь хурдан уншихдаа бус ойлгож уншихдаа байдаг. Үггүй зурагт номтой ажиллахдаа хүүхдүүд зурагт юу байгааг, юу дүрсэлснийг, ямар утгатай болохыг дүгнэж боловсруулдаг. Өмнөх хуудсанд юу болсон, харин одоо энэ хуудсанд юу болж байгааг бодож, хооронд нь холбон ойлгодог гэсэн үг юм.

"A Ball for Daisy" (2011) - Chris Raschka

"A Ball for Daisy" (2011) - Chris Raschka

2.Бүтээлч сэтгэхүйг дэмжих

Үггүй зурагт ном нь хүүхдэд үйл явдлыг өөрийн таамаглал, мэдрэмжээр тайлбарлах боломжийг олгодгоороо онцлог юм. Хүүхэд зургийг хараад, үйл явдлыг таамаглаж, өөрийн гэсэн түүхийг зохиодог.

"Flashlight" (2014) - Lizi Boyd

"Flashlight" (2014) - Lizi Boyd


3.Ажиглах чадварыг дэмжих

Үггүй зурагт номд ажиглалт хийх нь хамгийн чухал юм. Хүүхдүүд үлгэрт юу болж байгааг ойлгохын тулд зургийг анхааралтай ажиглах ёстой. Ямар дүрүүд байна. Тэд юу хийж байна. Яагаад гунигласан, эсвэл баярласан, хажууд нь юу дүрсэлсэн байгаа зэргийг хараад дүгнэлт хийдэг. Тиймээс энэ төрлийн ном нь хүүхэд харсан зүйлээ нэгтгэн дүгнэх, зурагт дүн шинжилгээ хийж сурахад тусалдаг байна.

"Flashlight" (2014) - Lizi Boyd
"Flashlight" (2014) - Lizi Boyd

4.Ярих чадвар, үгийн сан

Бичвэртэй номд зурагт юу дүрсэлснийг тайлбарлан өгүүлдэг. Жишээ нь: Үнэг агуй руу аяархан гэтэв гэх мэтээр. Харин үггүй зурагт номд “үнэг, агуй, гэтэх” гэсэн үгсийг хүүхэд өөрөө сонгон, хооронд нь холбож өгүүлбэр бүтээж ярьдаг. Зурагт ямар үйл явдал болж байгааг өөрийнхөө үгээр тайлбарлана гэсэн үг юм. Энэ нь хүүхдийн ярих, үгсийг өгүүлбэрт ашиглах, бүтэн өгүүлбэрээр ярих чадварыг маш сайн дэмждэг.

"Flora and the Penguin" (2014) - Molly Idle

"Flora and the Penguin" (2014) - Molly Idle


5. Урлагийн бүтээлийг үнэлж ойлгох сэтгэлийг бий болгох.

"Anno's Journey" (1997) - Mitsumasa Anno
"Anno's Journey" (1997) - Mitsumasa Anno

Үггүй зурагт номуудад зохиолч, зураач өөрсдийн санаагаа гайхалтай дүрслэл бүхий зургуудаар дамжуулж илэрхийлсэн байдаг. Тиймээс ийм төрлийн номтой ажиллах явцдаа хүүхэд тэрхүү зургууд өөрийн гэсэн гоо сайхантай, утгатай, өгүүлэмжтэй, үнэ цэнтэй гэдгийг мэдэрч чаддаг. Мөн энэ төрлийн номууд нь хүүхэд цаашид урлагийн бүтээлийг сонирхох хөрс нь болж байдаг.

Мэдээж энэ төрлийн номыг уншихад аав ээж таны туслалцаа чухал юм шүү.

Хүүхдэдээ номын гарчгийг уншиж өгөөд,

-Юуны тухай гарах бол?

-Энэ хэн бэ?

-Юу хийж байна?

-Яагаад гунигласан юм бол? гэх мэт асуултаар чиглүүлж өгөөрэй.

Сүүлд нэмэгдсэн

Бүгд

ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД

Нийтлэгч Интерном

2024/04/02

Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.