Интерном
2022.08.05 · 2 мин

ЖОНАТАН ЛИВИНГСТОН ХЭМЭЭХ ЦАХЛАЙ - ДОТООД ТЭМҮҮЛЛЭЭ ДАГАН НИС

Жонатан Ливингстон бол сүргээсээ тэс өөр цахлай. Загасчин тороо дуу чимээтэй нь аргагүй эрэг өөд хаяхад өглөөний унд хүлээн, үмх хоол олж авах санаатай мянга мянган цахлайн сүрэг цугларна. Ихэнх цахлайн хувьд идэш хоолоо олж авах зорилгоор л эргээс ус руу ниснэ гэхээс цааш давах хэмжээнд нисэж сурах эрмэлзэл ер үгүй. Тэдний хувьд нисэх биш, идэш хоол л чухал. Харин Жонатаны хувьд бүх юм эсрэгээрээ. Юу юунаас илүү тэрээр нисэхэд туйлаас дуртай.

САЛХИНЫ ӨӨДӨӨС НҮДЭЭ ҮЛ ЯЛИГ ОНИЙЛГОН ИЙН НИСЭЖ БАЙХДАА БАЯР БАЯСАЛ ГЭГЧИЙГ БИЕИЙНХЭЭ ЭД ЭС БҮРЭЭР МЭДРЭН БАЙЛАА.

Зохиолч Ричард Бах хүүхэд байхдаа далайн эргийн чулуун дор нуугдан цахлай шувууны далавч салхи зүсэх чимээг сонсдог байв. Хожим нь зохиол бичихээр шийдэх үедээ тэрхүү ид шидийн гэмээр чимээг санасан нь уг бүтээлийг бичихэд хөтөлжээ. Бах бүтээлээрээ дамжуулж өөрийн хил хязгаарыг эвдэх, дотоод тэмүүллээ дагах, хайрлах тухай төдийгүй сүргийн сэтгэлгээ, бусдыг утга учиргүйгээр даган дуурайх тухай бичжээ. Түүний бүтээлд шашин, бэлгэдлийн ойлголтууд болон өөрийгөө ойлгож танин мэдэх психологийн сэдэв хүртэл хөндөгддөг. Эгэл жирийн нэгэн цахлайн нэг газраас нөгөөд нисэн хүрэх аялал гэхээсээ илүүтэй хүний дотоод сэтгэл зүйн замнал юм. Уг номыг хүүхэд төдийгүй томчууд ч уншиж болохоор өргөн агуулгатай.

Дотоод тэмүүллээ дагах эр зориг

Жонатаны өлсөж даарч, салхины эргүүлэгт орж далайн усанд чулуу шиг цохиулсан ч тэр нисэхээ ер больсонгүй. Ээж, аав нь түүнд хэрэггүй бодлоо авч хаян бусад цахлай шиг байхыг, ер нь цахлай шувууны бие махбод ч өндөрт дүүлэн нисэхэд тохирохгүйг сануулахад тэр сүргийнхээ нэг байх гэж оролдсон ч сэтгэлийн дуудлагаа зогсоож чаддаггүй. Айдсаа ялан дийлж олон төрлийн нислэг сурч, хамгийн өндөрт дүүлэн нисэж сурдаг. Гэвч сүргийн ёс уламжлалыг эвдэж бусдаас өөр байсныхаа төлөө сүрэгтээ гадуурхагдан хөөгддөг.

Хувь хүн болоод нийгмээс ирэх дарамт шахалтын зөрчил хэзээд хүний амьдралд байсаар ирсэн асуудал. Хүлээсэнд баригдалгүй хүсэл тэмүүллээ дагах зориг гаргасан нэгнийг гайхах, гадуурхах, мохоох зэргээр нөлөөлөх оролдлого их. Өөрөө бодож, өөрөө гаргасан шийдвэр гэдэг юутай ч зүйрлэшгүй дээд таашаал. Энэ ном танд өөрийгөө дагах, өөрийн гав гинжийг таслах эрх чөлөөг ойлгуулна.

Хайр гэдэг бусадтай хуваалцах

Бусад биднийг хэчнээн өвтгөж, урам зориггүй болгосон ч түүнийг сөрөн гарч, сурч мэдсэн бол тэднийг уучилж, хайрлах хэрэгтэй тухай номонд дурдагддаг. Ганцаархнаа өндөрт нисвэл ганцаардана. Тиймээс сурснаа хуваалцах, хамтдаа нисэхэд утга учир бий.

ТЭДНЭЭС САЙН ТАЛ НЭГ БҮРИЙГ НЬ ОЛЖ ХАР, ТЭГЭЭД ӨӨРСДИЙГӨӨ Ч ГЭСЭН ОЛЖ ХАРАХАД НЬ ТУСАЛ. ХАЙР ГЭЖ ҮҮНИЙГ Л ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ.

Сүргийн сэтгэлгээ буюу муйхраар даган дуурайх

Жонатан эгэл жирийн цахлайгаас агуу нэгэн болж сүрэгтээ шүтэгддэг. Хэдийгээр хэн ч хичээвэл өөрийн хязгаараа даван гарч чадна гэдгийг бусадтай хуваалцаж, зааж сургасан ч хэдэн үеийн дараа гэхэд түүний гол агуулга мартагдаж, түүнийг зөвхөн муйхраар даган дуурайна. Нисэж сурахаас илүүтэйгээр түүнийг тахих янз бүрийн зан үйл үйлдэж, домог төдийхөн болж хувирдаг. Анхлан гурван бүлгээр хэвлэгдэн гарч байсан бүтээлдээ 2014 онд Бах засварлан, дөрөвдүгээр бүлгийг нэмж оруулсан нь бий. Энд хэрхэн муйхраар Жонатаныг даган дуурайж байгаа ёгтлолоор дамжуулж хүн төрөлхтний шашин, бэлгэдлийн сэтгэлгээг шүүмжилжээ. Гэсэн ч бидэнд хэлбэрээс давж дотоод мөн чанарыг танин мэдэх итгэл найдвар, эр зориг хэзээд бий.

Уншигч таны дотор оршин буй жинхэнэ Жонатан цахлайд зориуллаа.

Сүүлд нэмэгдсэн

Бүгд

ХҮНИЙ ДОТОРХ ХИЛЭНЦИЙГ СЭРЭЭСЭН СУВД

Нийтлэгч Интерном

2024/04/02

Уншигчид эл бяцхан түүхэд дуртай байдгийн шалтгаан бол хүн бүрийн сэтгэлд оршдог үнэн хийгээд шударга ёсыг эрхэмлэсэн чанад далдын мэдрэмжийг нь хүчтэй цочроож өгдөгт буй.